С.Баярыг шалгаж буй "жинхэнэ" шалтгаан юу вэ?


С.Баяр гунигтай байгаа тухай дууллаа. Тэрээр Монголын төрд насаараа зүтгэхдээ карьерынхаа төгсгөлд шоронд хоригдож, эмнэлгийн тусламж хүсээд сууж байх юм гэж бодоогүй биз.
Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан С.Баярыг энэ сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. Түүнийг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулахад эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан буй гэх мэдээлэл өгсөн.
Яг үнэн хэрэгтээ С.Баярыг шалгаж буй жинхэнэ шалтгаан буюу цаад шалтгаан нь юу вэ?
Хууль зүйн сайд Ц.Нямдорж түүнийг шалгаж буйтай холбоотойгоор Засгийн газрын хуралдааны үеэр хэдэн үг хэлээд авсан. Тухайлбал тэрээр “С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа л УИХ-д өргөн барьсан болохоос тал талаас нь шүүж, хэлэлцэж УИХ-аар баталсан гэрээ. Хэрвээ гэрээг байгуулахад оролцсон сайд нар нь хахууль авчихаагүй юм бол энэ асуудалтай холбогдуулж, УИХ шийдвэр гаргасных нь төлөө төрд зүтгэж байсан тэднийг барьж, хорих нь буруу. Чин үнэнийг хэлэхэд Засгийн газар танхимаараа хариуцлага хүлээх ёстой” хэмээсэн.
Асуудал үүнд байгаа гэж үү? Түүнийг Оюутолгойн гэрээг байгуулснаар авлига, Америкт долоон хаус авч хөрөнгөжсөн гэлцдэг. Тэгвэл АТГ шалгаж байгаа гэдэг утгаараа түүнийг оюутолгойн шийдвэрийг гаргаснаараа биш долоон хаусны асуудлаараа шалгаж байгаа юм биш үү. С.Баярын хэлснээр түүний охин тус улсад үл хөдлөхийн бизнес эрхэлж, 2003 оноос хойш арав гаруй хаус худалдан авч, зарж, борлуулан эргэлтэнд оруулдаг гэх.
Гэтэл дэлхийн практикт үл хөдлөх хөрөнгийг зуучлахад өөрийнхөө нэр дээр болгоод, эргээд борлуулдаг бизнес олон улсад байхгүй. Түүний охин нь ч АНУ-д сургуулиа төгсөөд, амьдралын замаа дөнгөж эхэлж байгаа хүүхэд ямар эх үүсвэрээс мөнгө олж, үл хөдлөх хөрөнгийн наймаа хийх вэ? Тэгээд ч С.Баяр төрийн албанд насаараа ажиллаж, татвар төлөгчдийн мөнгөөр амьдралаа залгуулсан хүн. Бизнес ч эрхэлж байгаагүй хүн гэнэтхэн л АНУ-д долоон байшин авах их хөрөнгөтэй болсонд гайхах хүн олон. Иймд АТГ-аас түүнийг эл асуудалтай холбоотойгоор л шалгаж буй бололтой.
С.Баяр ч шалгагдаж байх зуураа АТГ-т хүсэлт ирүүлсэнбөгөөд уг хүсэлтдээ "Би хэнтэй ч уулзахгүй, хүн хүлээж авмааргүй байна" гэдгээ хэлсэн байсан. Үүнийг сонссон олон нийт "С.Баяр хэргээ хүлээчихсэн юмуу?, эмнэлэгт хэвтэж байгаа юм байна, эсвэл намын нөхөддөө гомдсон бололтой" гээд янз бүрээр хүлээж авсан.
Угтаа хүн бүрт хууль тэгш үйлчлэх учиртай. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсээ саатуулан шалгалаа гээд дэлхий биднээс зугтчихгүй. Гүрж орны жишээг хар. Төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа авлига авсан этгээдүүдтэйгээ зоримог тэмцэж чадсанаар тэдэнд дэлхий алга ташсан. Дараа нь БНХАУ авлигын асуудалтай нөхдүүдээ гаднаас түүж авчирч, зохих ялыг нь үүрүүлсэн билээ.
Тэрээр төрийн өндөр албан тушаал хашиж байсан нь үнэн. Гэхдээ түүнийг ажиллаж байх үед Оюутолгойн гэрээ зурагдаж, түүнийг тодорхой шалтгааны улмаас шалгах шаардлага үүссэн. Яг энэ дагуу л процесс өрнөж байна. Шүүхийн байгууллага л түүний буруутай эсэхийг тогтооно. Бас хэнийг ч төрдзүтгэсэн нэрээр толгойг нь илэх ёсгүй билээ.
Гол нь энэ асуудал дээр шүүх хараат бус ажиллаж, үнэн мөнийг тогтоох учиртай. Эцэст нь шударга шүүх үү, эс бөгөөс цөөн хэдэн бүлэглэл дунд дахин тохироо явагдаж, хорьсон, хоригдсон нэр зүүж гал намжаах уу. Энэ бүхний хариулт удахгүй тодорхой болох биз ээ.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ