Ж.Мөнхбат: Ч.Хүрэлбаатар хууль зөрчсөн хуулийн төсөл шахдагаа хэзээ зогсоох вэ


УИХ-ын чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх, Нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Дээрх хуулиар мод, модон материалыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай асуудлыг тусгасан юм. Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг холбогдох татваруудаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд чөлөөлжээ.
Энэ хугацаанд мод, модон материалын импортын хэмжээ жил дараалан өсч, энэ хэмжээгээр ойгоос ашиглах, бэлтгэх мод, хууль бус мод бэлтгэлийн хэмжээ буурч, ойг нөхөн сэргээх, цэцэрлэгжүүлэх ажлын цар хүрээ нэмэгдсэн байна. Экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий дээрх хуулиудын үйлчлэх хугацаа дуусгавар болсон тул хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг ханган боловсруулж Засгийн газраас өргөн мэдүүлжээ.
Хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудал хэлэлцэж байгаа нь Төсвийн тухай хуулийн 6.2.5 дугаар заалтыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, төсвийн жилд орлого, зарлагаа өөрчлөх шийдвэр гаргасан бол дараагийн жилээс хэрэгжүүлнэ гэсэн заалттай. Гэтэл гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудал батлагдсан өдрөөс хэрэгжинэ гээд оруулаад ирлээ. Ч.Хүрэлбаатар та хэзээ төсвийн тодотгол оруулж ирэх вэ. Цаашид ийм байдлаар яваад байх юм бол гишүүд хууль зөрчиж хууль батлаад, хуулийн төсөл өргөн барьсан сайд нь уснаас хуурай гарах нөхцөл бүрдэх юм биш үү. Өмнөх Засгийн газар хүүхдийн мөнгө олгосны төлөө Төсвийн хууль зөрчсөн, төсөвт тодотгол хийгээгүй гэдэг үндэслэлээр огцорсон. Та хууль зөрчсөн хуулийн төсөл шахдаг байдлаа хэзээ зогсоох вэ” гэв.
Ж.Мөнхбат гишүүний үндэслэлийг Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Хариуд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “УИХ-аар хэлэлцээд баталсан хуулийг хууль зөрчсөн гэж яриад хэрэггүй. Хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал юм. Хоёрдугаарт, мод, модон материалыг гааль, НӨАТ-аас хөнгөлөх, чөлөөлөх асуудал 2018 оны нэгдүгээр сарын 1-нд үйлчлэл нь зогссон. Татварын ерөнхий хуульд зааснаар татварыг зөвхөн УИХ-аас хуулиар бий болгох, хөнгөлөх, чөлөөлөх, өөрчлөх асуудлыг шийддэг. 2013 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш 34 удаа татварын хөнгөлөх чөлөөлөх асуудлыг шийдсэн байдаг. Тэгэхээр хууль зөрчсөн асуудал байхгүй. Энэ хуулийг УИХ-ын гишүүд оруулж ирэх хүсэлт тавьсан, шахсан гэж Сангийн яамны ажилтнууд хэллээ” гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ