"Хүүхдүүдэд Д аминдэм уулгаж байгаа нь туршилт биш" гэв

“Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” судалгааны багаас хэвлэлийн бага хурал хийлээ.

Судалгааны ажлыг хийж буй "Монголын эрүүл мэндийн үүсгэл" НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Уянга "Эцэг эхийн үндэсний зөвлөл ТББ-аас сургуулийн насны хүүхдүүдэд туршилт хийж байна гэсэн ямар ч үндэслэлгүй, гүтгэлгийн мэдээлэлд залруулга хийж байна.

Судалгаанд оролцож байгаа хүүхдүүдэд Д аминдэм уулгаж байгаа нь туршилт биш. Туршилт гэдэг нь цоо шинэ зүйлийг туршиж үзэхийг хэлж байгаа. Д аминдэмийг 100 гаруй жилийн турш хүн төрөлхтөн хэрэглэсээр ирсэн. Өдгөө Д аминдэмийг зөвхөн 0-3 насны хүүхэд биш бүх хүн хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөх болсон. Д аминдэмийг хэрэглэснээр амьсгалын замын халдварт өвчин, тэр дундаа сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Хүний биеийн төрөлхийн дархлаажуулалтыг дэмждэг.

Судалгаа 2016 оны есдүгээр сараас эхэлж нийт 15 сургуулийг хамруулсан. Судалгааны зорилго нь сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөөллийг судлах. Анх бид 9,800 гаруй хүүхэд судалгаанд оролцоход 946 хүүхэд сүрьеэгийн далд халдвартай гарсан. Халдвартай хүүхдүүдээ бид ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиниктэй хамтран шинжлэхэд 129 хүүхэд сүрьеэгээр өвдсөн байсан. Бид сүрьеэгээр өвдсөн хүүхдүүддээ эмчилгээ хийж, эдгээж байгаа. Шинжилгээгээр харьцангуй эрүүл гарсан хүүхдүүдэд бид Д аминдэм уулгаж, урьдчилан сэргийлж байна" гэв.

-Та нар судалгаанд оролцож байгаа, мэдээлэл хийсэн эцэг эхчүүдийн хүүхдүүдтэйгээ уулзсан уу?

-Бид судалгаанд хамрагдсан хүүхдүүдтэй 7 хоног бүр уулзаж, Д аминдэмийг уулгаж, эмчийн хяналт дор эмчилгээг хийдэг. Асуулт дээр ямар нэгэн зовиур илэрвэл манай эмч үзээд шаардлагатай бол ХӨСҮТ-тэй хамтран оношилдог. Өнгөрсөн хугацаанд нэг ч хүүхдээс Д аминдэмтэй холбоотой эрүүл мэндийн асуудал гараагүй.

-Судалгаанд хамруулахдаа зөвшөөрөл авсан уу?

-Бид 10 мянга гаруй эцэг эхчүүдтэй уулзаж, бүрэн мэдээлэл өгснийхөө дараа зөвшөөрөл авсан. Зөвшөөрлийг нь гарын үсгээр баталгаажуулж, сайн дурын үндсэн дээр судалгаагаа эхлүүлсэн. Мөн Эрүүл Мэндийн Яам болон Харвардын Анагахаас ухааны сургуулийн Ёс зүйн хорооны зөвшөөрөл бидэнд бий.

-Д аминдэмийг хэрэглэснээр эрүүл мэндэд ямар нэгэн сөрөө нөлөө гарах уу?

-Миний хувьд хүүхдийн эмч мэргэжилтэй. Д аминдэмийг хэрэглэх нь ямар нэгэн өвчний шалтгаан болохгүй. Та бүхэн эмч мэргэжилтэй хүн бүрээс энэ асуултыг асуувал миний хариултыг батлах болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ