“Тарьц, суулгац 2018” үзэсгэлэн худалдаа эхлэв


Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан БОАЖЯ-наас 2018 оны дөрөвдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд нийслэл хотын иргэддээ зориулан стандартын тарьц суулгац худалдах үзэсгэлэн худалдааг МҮЭСТӨ-нд зохион байгуулж байна.
Жил бүр энэхүү үзэсгэлэн худалдаагаар худалдах тарьц, суулгацын зүйлийн тоо нэмэгдэж, чанар стандарт сайжирч байгаагаас гадна мэргэжлийн хяналтын үйл ажиллагаа дор зохион байгуулдаг болсон тул иргэд тарьц, суулгацын чанар, стандарт, гарал үүсэлд санаа зовохгүйгээр худалдан авах боломжтой аж.
Энэхүү үзэсгэлэн худалдаанд мэргэжлийн аж ахуйн нэгжүүд мод сөөгний тарьц суулгацыг худалдан борлуулахаас гадна үйлчлүүлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд мод тарьж ургуулах талаар мэдлэг мэдээлэл олгож, зөвлөгөө өгдөг нь иргэдийн экологийн боловсролыг сайжруулах онцгой ач холбогдолтой юм.
Мөн мэргэжлийн байгууллагууд дэвшилтэт технологид суралцах, мэдээллээ хуваалцах, үр, ургамлын солилцоо хийх туршилт судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар мэдээллээ солилцдог болсон нь энэ үзэсгэлэн худалдааг тогтмол өргөжүүлэн зохион байгуулах шаардлагатайг харуулдаг.
Цаашид БОАЖЯ-наас мод, сөөгний стандартын тарьц, суулгацаар хангах зорилготой үзэсгэлэн худалдааг илүү өргөн хүрээнд энэ салбарын технологийн ололт амжилтыг харуулсан экспо түвшинд зохион байгуулах ба иргэдэд илүү ойртсон, бүс нутгийн онцлогт тохирсон төрөл зүйлийн тарьц, суулгацын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж аж.
Мөн бүс нутгийн онцлогт тохирсон мод үржүүлгийн газрыг өргөжүүлэх, модны зүйлийн бүрдлийг нэмэгдүүлэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийн тарьц, суулгац ургуулах чиглэлээр хэрэгжүүлэх онцгой сайн төслүүдийг сонгон шалгаруулж дэмжин ажиллаж буй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ