Хүн нь байхад хуулийн заалт олдож л таараа

Цөөхөн Монголчуудыг цөөлөх, цөллөх, цөхрүүлэх гэсэн оролдлого их гүрнүүдийн нөлөөн дор хэд хэдэн удаа хийгдэж байв. С.Данзан, Д.Бодоо, Лхүмбэ ,Гэндэн, Дэмид нарын хувьсгалын эсэргүү хэрэг,хөөрхий буриадуудын эсэргүүний хэрэг гээд хөдсөн дээлтэй хөх монголчуудын зүрхийг шархлуулсан хар өдрүүд олоон. Зөвхөн 1937 оны 8 сараас 1938 оны 1 сарын хооронд 10728 хүнийг баривчилсан ба үүний 7814 нь лам нар буюу тухайн үеийн сэхээтнүүд байжээ.

Хожмоо сэхээтний төөрөгдөл хэмээх Ц.Лоохууз,Б.Сурмаажав нарын хэрэг хүртэл Монголчуудыг хэлмэгдүүлэх үйл явц үргэлжилж байв. Харин "хүнлэг энэрэнгүй" хэмээх ардчилсан нийгмийн үед "хүн нь байхад хуулийн заалт олдож л таараа " гэдэг шиг гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй хүмүүсийг нийгмээрээ яллах,барьж хорих ,нэр төр эрүүл мэндээр нь хохироох,ар гэр авгай хүүхдүүдийг нь давхар хохироох байдал анзаарагдсаар л байна. Хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийн үед хүнийг яаж хохироож болдгийг харуулсан хэргийн тухай дахин нэг санахад илүүдэхгүй биз ээ.

Төрийн хамгаалалттай Урьдчилан хорих 461 дүгээр ангид 2014 оны тавдугаар сарын 14-ний өдөр Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан учир битүүлгээр нас барсан нь олон хүнийг сэртхийлгэсэн. Өмгөөлөгч нь удаа дараа батлан даалтад гаргах, эмчилгээ хийлгэх хүсэлт тавиад байхад хуулийнхан “Дээрээс чиглэл өгсөн” гэдэг үгээр халхавчилж сэжигтнийг шоронд хорьсоор байгаад ийм эмгэнэлтэй үйл явдал болсон.

Тухайн үед МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт нар Ерөнхий сайдын өрөөнд дайрч орж арав хоногийн хугацаатай шаардлага өгч байв. Шаардлагын нэг үндэслэлд “Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга агсан Д.Амарсайхан цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад амь насаа алдсан нь хууль хүчний байгууллага хариуцлага алдсанаас үүдсэн” гэж бичсэн байсан. Улмаар хариуцлага алдсан хүмүүсийн асуудлыг хэлэлцэж, арга хэмжээ авахыг шаардаж байлаа. Энэ дагуу УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаж Д.Амарсайхан агсантай холбоотой асуудлаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж нар мэдээлэл хийж, ШШГЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Ядамдорж хариуцлага хүлээ­хэд бэлэн гэдгээ мэдэг­дэж байлаа.

Бүр Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түв­дэндоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж, хуулийнхны үйл ажиллагаанд шалгалт хийж дүгнэлтээ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Төрийн хамгаалалтад хоригдож байсан хүн учир битүүлгээр амиа алдсан нь ингэж УИХ-ын түвшинд хүртэл яригдаж, тэр хэрээр олны анхаарал татаж байв. Гэтэл жил таван сар гаруй хугацааны дараа хуулийнхан ч, намынх нь нөхөд ч талийгаачийн нэрийг дурсахаас зайлсхийж байна.

Талийгаач Д.Амарсайхан юуны учир амиа алдсан, эмнэл­гийн тусламж авч чадсан уу гээд олон асуулт хариултаа хүлээсээр бай­гаа. Амиа хорлосон, зүрхний шигдээсээр нас барсан гэдэг албан бус яриа хөвөрч байгаад намжсанаас хуулийнхан, УИХ-ын ажлын хэсэг тоймтой, албан ёсны мэдээлэл өгөөгүй. Гэвч “Өдрийн сонин”-ы шарласан хуудсанд тухайн үед болж өнгөрсөн бүхэн түүх болон хадгалагдсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт, талийгаачийн бие ямар байдалтай байсан зэргийг өмнө нь хэн ч, хаана ч тодорхой мэдээлж байгаагүй юм билээ. Хуулийнхан, эрүүл мэндийн салбарынханд ч бүрхэг үлдсэн гэсэн үг. Эрүүл мэндийн салбарынхан, мэргэжлийн эмч нар Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчдийн тавьсан оношийг эрс үгүйсгэж байлаа. Харин хуулийнхан “Нэгэнт хаагдчихсан хэргийн араас юу ярих вэ” гэж өөрсдөөсөө холдуулж байсан юм. Шоронд амиа алдсан хүмүүсийн 80-90 хувьд зүрхний шигдээс гэдэг онош тавьдаг юм билээ.

Д.Амарсайхан агсанд ч ийм л нийтлэг оношоо тавьж байсан. О.Сарангэрэл прокурор “Д.Амарсайхан хүнд гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөн байцаалтаас оргож болзошгүй” гэдэг үндэслэлээр цагдан хорих хүсэлт гаргаж, шүүх талийгаачийг 2014 оны тавдугаар сарын 15-наас эхлэн 45 хоног цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Шүүхийн захирамжийг талийгаачийн ар гэрийнхэн, өмгөөлөгч нь огт мэдээгүй аж. Ингэж хорьсноос хойш О.Сарангэрэл прокурор талийгаачтай нэг удаа ч уулзаагүй гэнэ. Өмгөөлөгч нь 2014 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурорт “...Эрүүл мэндийн хувьд маш муу болохыг хяналт тавьж буй прокурорт удаа дараа мэдэгдэж, хангалттай баримтаар нотолсоор байхад цагдан хорьж байгаагаас өвчин дахин дахин сэдэрч, биеийн байдал нь улам муудах, улмаар амь насанд нь аюултай байдал үүсэх эрсдэлтэй. Энэ байдлыг харгалзан батлан даалтад гаргаж өгнө үү” гэж хүсэлт тавьж байжээ.
Гэтэл тав хоногийн дараа О.Сарангэрэл прокурорын гарын үсэгтэй “Гомдлыг хүлээн авахаас татгалзсугай” гэсэн тогтоол гаргасан байна. Үүнийгээ өмгөөлөгчид нь өгөлгүй шууд хавтаст хэрэгт хавсаргачихжээ. Прокуророос ямар нэгэн хариу аваагүй өмгөөлөгч Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр, Б.Батболор нарт хүсэлт гаргасан ч батлан даалтад гаргаагүй аж. Мөн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгчид хандахад “Эрүүл мэнд нь муу болохыг мэдлээ, ойлголоо. Цагдан хорих 461 дүгээр анги эмнэлэгтэй, тэнд эмчлүүл” гээд цагдан хорих захирамжийг хэвээр үлдээж байжээ.

Д.Амарсайхан агсны энэ харамсалтай үйл явдал хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийн үед хэдхэн жилийн өмнө болж өнгөрсөн үйл явц. Хүн нь байхад хуулийн заалт олдож л таараа гэдэг байдлаар асуудалд хандсан шинэ цагийн хэлмэгдүүлэлт. Бидний цөөхөн монголчууд зовсон, жаргасан, зовлонгоо ч ялж гарсан. Монголчуудын хэлмэгдүүлэлтэд ихэнхдээ гадны нөлөө орсон байдаг нь сонин.

О.Марал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ