Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох өдөрлөг болов

“Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Олон Улсын өдөр”-ийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аяныг дөрөвдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ны өдрүүдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Дэлхийн зөн Монгол Олон улсынбайгууллага, Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж, өчигдөр хаалтын арга хэмжээгээ амжилттай хийлээ.

Уг аянаар Ерөнхий боловсролын 12 сургууль тус бүр үндсэн таван чиглэлээр салбар хуралдаан зохион байгуулж, хүүхэд хамгааллын тал дээр цаашид хийж хэрэгжүүлэх ажлын саналыг нэгтгэн дүүргийн удирдлагуудад танилцуулсан бөгөөд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооцгооё” өртөөчилсөн сургалтыг долоодугаар ангийн сурагчдын дунд нэг сарын хугацаанд явуулсан аж.


Үүний үр дүнд цаашид олон нийтийн анхаарлыг хүүхдийн хүчирхийллийн эсрэг хандуулах, энэ төрлийн арга хэмжээнд хүүхдүүд рүү чиглэсэн хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх ажлуудыг холбогдох албан тушаалтнууд жил бүр зохион байгуулахаа амласан байна.

Аяны хаалтын арга хэмжээний үеэр илтгэлийн тэмцээнд эхний гурван байр эзэлсэн сурагчдад шагнал гардуулж, хүүхдүүд өнгөрсөн жилүүдийн адилаар өөрсдийн үзэл бодлыг флашмоб бүжгээр илэрхийлсэн юм.

Мөн тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, багш, нийгмийн ажилтнууд хүрэлцэн ирснээс 37 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Бадамдорж “Хүүхдийн эрхийн асуудал бол зөвхөн эцэг эх, багш, хууль хүчний байгууллагаар хязгаарлагдаж, хэн нэгэнд тохох хэрэг биш. Хүчирхийлэлгүй нийгмийг цогцлоохын тулд хүн бүрийн оролцоо чухал” хэмээн олон нийтийг уриалав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ