“Бяцхан зорчигч” аяныг эхлүүллээ

Цагдаагийн байгууллагаас хүүхдэд хайртай хүн бүхэнд зориулж “БЯЦХАН ЗОРЧИГЧ” аяныг 2018 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс нэг сарын хугацаатай эхлүүлж байна. Учир нь 2017 онд зам тээврийн ослын улмаас нийт 55 хүүхэд амь насаа алдаж, 1058 хүүхэд гэмтсэн бол 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн осол 150 үйлдэгдэж, ослын улмаас гурван хүүхэд амь насаа алдаж, 139 хүүхэд гэмтсэн бөгөөд насны байдлаар нь авч үзвэл 0-14 насныхан нийт өртөгсдийн 84 хувийг эзэлж байгаа нь бид энэхүү аяныг зохион байгуулах гол шаардлага юм.

Дээрх тоон үзүүлэлтийг өнгөрсөн онтой харьцуулахад хүүхэд өртсөн ослын гаралт 11.2 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 32.4 хувиар, амь нас нь хохирсон хүүхэд 76.9 хувиар тус тус буурсан байгаа ч та бид хамтдаа сэргийлж чадвал энэ үзүүлэлтийг тодорхой хувиар бууруулах боломжтой.

Хүүхэд зам тээврийн осолд өртөж буй гол шалтгаанууд нь:

Аюултай эцэг эх, асран хамаалагч

Авултай сургуулийн орчин

Аюултай зам

Аюултай тээвэрлэлт

Аюултай гудамж зэрэг юм.

Ялангуяа урин дулааны цаг эхэлж байгаатай холбоотойгоор нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл хотыг чиглэх хөдөлгөөний эрчим нэмэгдэхийн зэрэгцээ бага насны хүүхдийг автомашинд буруу тээвэрлэх /машины цонхоор толгой, биеийг гаргах, өвөр дээрээ болон жолоочийн хүрдний ард суулгах гэх мэт/, хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах гэх зэргээс шалтгаалан хүүхэд өртсөн осол, хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг.

Бяцхан зорчигч аяныг Монгол улсад Гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн алба, НҮБ-ын Хүүхдийн сан болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциаци ТББ, Монголын хүүхэлдэйн театр, нийгмийн хариуцлагаа ухамсарласан Porshe Улаанбаатар төв, Toyota ХХК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Энэхүү аяны хүрээнд Замын цагдаагийн албанаас олон төрлийн ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, 2018 оны тавдугаар сарын 05-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Бяцхан зорчигч” өдөрлөгийг зохион байгуулах, “Сургуулийн бүс-Техникийн ерөнхий шаардлага” стандартын дагуу эрсдэлтэй сургуулийг тохижуулах, эцэг эх, хүүхэд багачуудад сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах гэх мэт. Энэ үйл ажиллагаануудад иргэд, замын хөдөлгөөнд оролцогч та бүхнийг идэвхтэй оролцохыг Цагдаагийн байгууллагаас уриалж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ