Ц.Мөнхтуяа: Монголын төр багш нараа сонсохгүй, анхаарахгүй байна

Багшийн цалин нэмүүлэх түр хороо болон Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.

Багшийн цалинг нэмүүлэх түр хороо ТББ-ын тэргүүн Ц.Мөнхтуяа "Багшийн цалинг нэмүүлэх хөдөлгөөн тэмцэл өрнөөд есөн сарын нүүр үзлээ. Энэ хугацаанд Монголын багш нар жагсаж, ажил хаяж ч үзсэн. Үнэндээ тэмцэл бодитой үр дүнд хүрсэнгүй. Монголын төр багш нараа сонсохгүй, анхаарахгүй байна.

Сайд нь салбараа удирдаж чадахгүй, багш ажилчдаа олон удаа хулхидлаа. Салбарын багш, ажилчдаа анхаарч, амьдралын баталгаа, ахуй хангамж, цалин хөлсийг нэмэгдүүлж байх ёстой холбоод хүртэл ажлаа хийхгүй, багш нарынхаа эрх ашгийг худалдах боллоо.

Иймээс 2018 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 12:00 цагт Сүхбаатарын талбайд “Боловсролоо сэхээнээс аваръя, багшаа ядуурлаас гаргая” уриатай цуглаан зохион байгуулахаар бэлтгэл ажил хийж байна” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ