Авто тээврийн чиглэлээр цогц үйлчилгээг үзүүлж байна


Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төрийн өмчийн ашиглалт, хяналтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд "Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018" өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.
Энэхүү өдөрлөгөөр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагыг олон нийтэд таниулж буй бөгөөд Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас зохион байгуулж буй үйл ажиллагаа, үйлчилгээгээ олон нийтэд нээлттэй хүргэлээ.
Тухайлбал, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэх, шилжилт хөдөлгөөн хийх, бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй тээврийн хэрэгслийг бүртгэх, сүүлийн 5-6 жил татвар төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, хасагдах жагсаалтад орсон тээврийн хэрэгслийг хүсэлтийн дагуу үнэ төлбөргүй бүртгэлээс хасах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг танилцуулах, мэргэшсэн жолоочийн шалгалтын талаарх мэдээлэл өгөх, шалгалт авах, авто үйлчилгээний ангилал тогтоох зэрэг үйлчилгээг нэг дор цогцоор нь үзүүлж байна.
Түүнчлэн авто тээврийн нэгдсэн лавлах 1900-1234 дугаараас авто тээврийн салбарын бүхий л мэдээллийг авах, хууль бус тээвэрлэлтийн талаар хяналтын байцаагч сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх, хөдөлгөөний удирдлагын төв буюу 24 цагийн GPS-ын хяналтын талаар танилцуулах, баруун талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн бэлдэцийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, явуулын техникийн үзлэгийн талаар зөвлөгөө мэдээллийг цогцоор хүргэж байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ