"Гавьдаггүй" эрх баригчдын гацаанд буй төслүүд


Манай улсад хэрэгжүүлсэн бол өдийд үр ашгаа чамгүй өгч, эдийн засгийн тодорхой хувийг “үүрэлцэх” томоохон төслүүд цаасан дээрээ шарласаар, санаачлагчдынхаа ширээний нүд болсоор буй нь харамсалтай.
Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станц, Шүрэнгийн цахилгаан станц, ТЭЦ V, Тавантолгойн цахилгаан станц, Орхон говь, Хэрлэн говь гэх мэт эдийн засаг төдийгүй тухайн бүс нутаг, хүн амд зайлшгүй шаардлага, хэрэгцээтэй, ирээдүйн үйлдвэрлэл, хөрөнгийн үүц байхаар стратегийн ач холбогдолтой төслүүд ихэвчлэн нам, дарга, даамлын халаа сэлгээ, нөлөөллөөс үүдэлтэйгээр цөөн зарим нь хөрөнгө, санхүүжилтгүйн улмаас гацсаар байгаа.
Жилийн жилд аль нэгийг нь хэрэгжүүлэх нь үү гэх горьдлого тавьдаг ч Монгол Улс өнгөрсөн 27 жилд нэг "М" бүсийн хэмжээний төсөл хэрэгжүүлж чадсангүй. Үнэндээ том төслүүдийн гав гинж, гацаа бол улс төрийнхний нөлөөлөл, тэдний бие биедээ тавьсан чагт гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.
Хамгийн наад зах нь Тавантолгойн цахилгаан станц гурван жилийн өмнө ашиглалтад орсон бол өнөөдөр 950 сая кВт.цаг эрчим хүчийг Хятадаас авч, 1 кВт.цаг тутамд 10.5 цент төлөхгүй, уг мөнгө Монголд үлдэх боломж байв. Энэ мэтээр гацаанд байгаа том төслүүдийн эдийн засгийн үр ашгийг тооцвол тоймгүй тоо гарах нь тодорхой.
Мөн тавдугаар цахилгаан станц байна. Анх станцын байршлыг 2012 оны техникийн анхны нөхцөл дээр III цахилгаан станцын баруун талд гэж зарласан ч шинэ Засгийн газар, хот зүүн тийшээ тэлж байхад эх үүсвэрүүд баруун талдаа төвлөрч байна гэсэн үндэслэлээр байршлыг өөрчлөх болсон юм. Консорциум 1.5 сая ам.доллараар 10 гаруй төрлийн судалгаа хийсний үндсэн дээр Хөлийн гол буюу Ургах наран хороолол орчимд байршил сонгон, шинээр ТЭЗҮ хийж, Засгийн газарт танилцуулсан. Урт хугацаанд, эрчим хүчний найдвартай, баталгаатай, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй эх үүсвэр болно гэж буй V цахилгаан станц нь 450 МВт буюу одоогийн суурилагдсан хүчин чадлыг бараг тал хувиар нэмэгдүүлэх юм.
Төслийн өртөг урьдчилсан тооцоогоор 1.3 тэрбум ам.доллар юм. Хөрөнгө оруулалтын 25 хувийг консорциум, үлдсэн 75 хувийг олон улсын санхүүгийн байгууллагуудаас санхүүжүүлнэ гэх. Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч хамгийн том станц болох V цахилгаан станцыг концессын гэрээгээр 25 жил ашиглаад улсад хүлээлгэж өгөх юм.
Барилгын явцад 600-700 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын эх үүсвэрээс хэрэглэх буюу оролцуулна гэж буй. Барилга угсралтын үед 3000, ашиглалтад орсон үед 400 хүн ажиллахаар төлөвлөжээ. Гэхдээ мөн л өдгөө уг төсөл зогсонги байдалтай байна. Энэ мэтээр урагшилдаггүй төслүүдийг удирдаад хэрэгжүүлчих "бядтай" улстөрч алга даа даанч.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ