Чанаргүй их, дээд сургуулиудыг чансаатай болгож цөөлье!

Сүүлийн жилүүдэд хувийн их, дээд сургууль борооны дараах мөөг шиг олширсон. Бараг л байшин болгоны үүдэнд их, дээд сургууль гэсэн хаяг хадав. Байшингаа байгаад бүр хонгилын давхарт хүртэл сургууль байрлуулж, оюутнуудад хичээл зааж байсан тохиолдол ч бий. Өөрийн гэсэн байргүй, түрээсийн байшинд хичээлээ явуулдаг дээд сургуулиуд ч захаас аваад олон байгаа.

Угтаа эрхэм дарга нар, шийдвэр гаргагчид энэ тал дээр байр сууриа илэрхийлж, цөөлөх бодлого баримтална гэдэг ч цөөрсөн юм үнэндээ алга. Нэгэн цагт, илүү тодорхой хэлбэл 2010 оны үед Монголд 170 орчим их, дээд сургууль байлаа. Гурван сая хүнтэй улсад 170 их, дээд сургууль гээд бодохоор дэлхийн дээд амжилтын номд бичигдэхээр байгаа биз.

Тухайн үед Монголын их, дээд сургуулийн тоог 100 мянган хүн ам тутамд ногдох байдлаар нь гадаад улс орны их, дээд сургуулиудын тоотой харьцуулж үзвэл Японоос найм, Энэтхэгээс ес, БНСУ болон Индонезиос 10, Тайландаас 103 дахин давсан хэмжээтэй байжээ. Гэтэл Япон 127 сая, Энэтхэг нэг тэрбум 100 сая, Өмнөд Солонгос 46 сая, Индонез 200 сая, Тайланд 65 сая хүн амтай шүү дээ. Сүүлийн жилүүдэд 170шахсан их, дээд сургуулийн тоо цөөрч, буурсан гэх. Гэхдээ хувийн сургуулиудыг улсын их, дээд сургуулийн харьяа болгосноос үүдэж тоо нь цөөрсөн гэж үздэг.

Тэгвэл ирэх намраас цөөнгүй хувийн их, дээд сургууль хаалгаа барьж магадгүй гэж найдаад байна. Учир нь энэ жил салбарын сайд тушаал гаргаж, их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог шинэчлэн тогтоосон юм.

Тухайлбал, 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480, коллеж орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тус тус тогтоов. Түүний энэ шийдвэрийг хоёр гараа өргөн дэмжье.

Ямартай ч тэрээр чанаргүй түм буман сургуулийн чадваргүй мянга мянган төгсөгчдийн тоог багаар ч гэсэн цөөлөх чухал шийдвэр гаргалаа. Босго оноог 480 болгож нэмснээр өмнө нь их, дээд сургуульд элсч байсан нийт хүүхдүүдийн 18 хувь нь хасагдаж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэх хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ хэмээн БСШУСЯ-наас тооцоолсон байна. Залуучуудын ажилгүйдлийн төвшин улсын дунджаас хоёр дахин өндөр байгаа энэ үед маш зөв шийдвэр юм.

Босго оноо 480 болохоос өмнө их, дээд сургуульд оюутан элсүүлэх үндэсний хэмжээний босго оноо 400 байсан. Нэг ёсондоо тухайн хичээлийн даалгаврын 50 хувийг нь гүйцэтгэж, дүнгээр бол “F” авч чадвал, аль ч их дээд сургуульд элсэх “тасалбар”-аа захиалдаг байлаа. Энэ бол үнэхээр харамсалтай тоо. Их дээд сургуулийн төгсөгчдийг улам чанаржуулъя гэвэл 480 байтугай, түүнээс дээш оноогоор босго оноог тогтоох нь зүйтэй санагдана.

Угтаа бодлогоор шалгуур тавьж, цөөлөх гэж үзсэн ч хаалгаа барихгүй байсан хувийн их, дээд сургуулиудад энэ шийдвэр нөлөөлөх нь дамжиггүй. Ашгүй эх зах нь мэдэгдэхгүй энэ олон сургуулиуд цэгцэрч, номондоо орох нь..

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ