Ц.Нямдорж :УИХ-ын гишүүний бүрэн эрхэд заналхийлж байна

"Цензургүй сурвалжлага" нэвтрүүлэгт Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат оролцожС.Зориг агсны хэрэгтэй холбоотой мэдээллүүдийг дэлгэсэн билээ. Энэ талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж асуудал болгон дэвшүүлж, шүүмжлэв.

Тэрбээр “Байнгын хорооны хуралдаанаа хаалттай горимд шилжүүлэх юм уу, эсвэл С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн шүүх хурлын шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцох, нөхцөл байдалтай танилцах, цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх уулзалтыг Байнгын хорооны түвшинд хийх шаардлага үүсээд байна. “Нууц” гээд парламентад үзүүлдэггүй материалуудыг нэг сэтгүүлчээр дамжуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж тавьж байна. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд халдаж байна, заналхийлж байна, дээрх хэргийн өмгөөлөгч нь үг дуугарч чаддаггүй, яллагч нь “нууц” гээд байсан материалуудаа хэвлэлийн байгууллагад дэлгээд нэг талын тайлбар хийгээд сууж байна. Үндсэн хуулийн шүүхийн тогтолцоо нурж байгаагийн илрэл гэж би хувьдаа харж байна. Хууль хяналтын байгууллагатай Улсын Их Хурлыг төлөөлөн харилцдаг ганц Байнгын хорооны хувьд, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаатай холбоотой асуудал ноцтой хөндөгдөөд байгаа нөхцөлд Хууль зүйн байнгын хороо нөхцөл байдлыг тодруулж, байр сууриа нэгтгэн, төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэй гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүний хувиар төдийгүй Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар хэлье” гэлээ. Ингээд хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцээд эхний удаад уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн санал солилцох уулзалтыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ