Монголчууд хэзээ хашир болох вэ?

Понзи залилан гэдэг үгийг сонсож байсан уу. Тэгвэл энэ луйврын систем Монгол Улсад орж ирээд гэнэн итгэмтгий малчин ард түмэн, хөдөө, орон нутгийн иргэдийг элсүүлэн, залилан мэхлэх ажлаа эхлүүлсэн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. .

Монгол Улсад сүлжээний тогтолцооны луйвар 10-аад жилийн өмнө нэвтэрч, тухайн үедээ шинэ соргог, бас бизнесийн боломжит хувилбарт тооцогдож байсан ч үүний уршгаар олон мянган иргэн идэх хоолноосоо салсан. Гэвч өнөөг хүртэл дэлхий нийтээр пирамид тогтолцоог булшилж чадаагүй л байна. Ерөөс энэ тогтолцооны луйвар маш олон төрөлтэй бөгөөд эдгээрийн дундаас олон төвшний маркетинг систем буюу бараа, үйлчилгээ зарж борлуулах зарчмаар мөнгө босгох залиланг монголчууд хэдийнэ мэддэг болсноор гэмт этгээдүүд арга барилаа өөрчлөхөөс өөр замгүй болсон юм.

Энэ нь понзи буюу хөрөнгө оруулалт нэрээр халхавчилсан луйвар бөгөөд үүний давалгаанд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн олон мянган иргэн өртөж, олон зуун сая төгрөгөөс эхлээд 10, 20 тэрбум төгрөгийн хохирол амссан гэх. Тодруулбал, 2017 оны мөн үеэс 35 мянган иргэн сүлжээний залиланд хууртагдсан бол үүний багагүй хувь нь понзитой холбогдсон аж.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр понзи хэлбэрийн луйварчид нь малчид болон хөдөө орон нутгийн иргэд, тэтгэврийн хөгшдийг онилоод багагүй хугацаа өнгөрчээ. Ингэх нь гэмт этгээдүүдэд хэд хэдэн боломжийг нээж өгдөг байна.

Нэгдүгээрт, малчин болоод хөдөө орон нутгийн иргэд нь аливаа зүйлийг хүлээж авахдаа ихэнхдээ цагаанаар итгэдэг гэнэ. Тиймдээ ч энэ төрлийн өгөөшийг маш хурдан үмхдэг аж.

Хоёрдугаарт, жалга, довоороо хамаатан садан учир сүлжээний бизнест амжилттай яваа нэгнийхээ араас олноор хошуурдаг байна. Бүр 500 хонио зарж хөрөнгө оруулсан нэгэн бий гэх.

Гуравдугаарт, тэтгэврийн хөгшид мөн л өгөөш үмхэхдээ гаргууд байдгийн шалтгаан нь байнга “гуйлга” гуйдаг үр хүүхдүүддээ хурдан хугацаанд мөнгө олж өгөхийн тулд мөн л нэгнийгээ аялдан дагадаг гэсэн. Одоогоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан болон понзид элссэн иргэдийн 90 орчим хувь нь дээрх хүрээллийнхэн гэдгээс үзвэл энэ дүгнэлт яах аргагүй үнэн болж таарч байгаа юм.

ПОНЗИ ГЭЖ ЮУ ВЭ

1919-1920 онд хөрөнгө оруулагч Чарльз Понзигийн үүсгэсэн “хөрөнгө оруулалтын” системийн луйвар нь заавал пирамид бүтэцтэй байх албагүйгээр анх бүтээгджээ. Схемийн удирдагчид хөрөнгө оруулалт гэж итгүүлэх замаар иргэдийн мөнгийг салгахдаа чухам юунд зарцуулах гэж буйгаа огтхон ч дурддаггүй. Тийм учраас хөрөнгө оруулалтаас олох ашиг нь хаанаас ирж байна вэ гэдгийг хэн ч мэддэггүй аж.

Понзи луйварчид долоо хоногт 5-6, сард 20-27 хувийн ашиг амлаж, 4-12 сарын хугацаатай хөрөнгө оруулалт хийхийг шаарддаг байна. Эдийн засаг хямарч, ард иргэдийн амьжиргаа муудсан энэ цагт 4-12 сарын хугацаанд анх оруулсан хөрөнгө оруулалтаа хэд дахин нугалж авна гэхээр хэнбэгуайн ч шунал хөдлөх нь дамжиггүй. Энэ нь л сүлжээний буюу понзи луйварчдын гол өгөөш. Өгөөш үмхсэн иргэдийн тоо хэдийнээ 7,000 хол давсан гэх бөгөөд таван сая төгрөгөөс 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн иргэд ч байгаа аж.

Иймд иргэд санхүүгийн мэдлэг, мэдээлэлтэй байж аливаад хөрөнгө оруулахын сацуу анхаарал болгоомжтой байвал гэмт этгээдүүдийн олз болохгүй юм.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ