"150 микро автобусыг бүртгэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" гэв

Нийслэлийн төв захиргааны байр “Хангарьд” ордны урд микро автобусны жолооч нар өнөөдөр жагслаа. Нийслэлийн Тээврийн газрын байцаагч нар өчигдөр микроны жолооч нарын үнэмлэхийг хураан авчээ. Уг жагсаалд 200 гаруй иргэн оролцов.

Энэ талаар “Бичил аян эздийн хоршоон”-ы дарга Г.Баатар “Өчигдөр Нарантуул чиглэлд явдаг 40-50 микро автобусны гэрчилгээг бүртгэлийн санд байхгүй гэх шалтгаанаар нэг дор хураан авсан. Үүнийг бид байцаагчид албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл гэж харж байна. Өнгөрсөн жилээс эхлэн 150 гаруй машиныг Нийслэлийн тээврийн газарт бүртгүүлэх гэсэн боловч ямар нэгэн шалтгаан гаргасаар өнөөдрийг хүрлээ. Бид үүнд бухимдаж байна” гэлээ.

Үзлэг, оношлогоонд тогтмол хамрагдсан, стандартын шаардлага хангасан 82 микро автобус Нийтийн тээврийн газарт бүртгэлтэй байдаг ажээ. Маргаашаас эхлэн микро автобусны жолооч нар тус тусын чиглэлдээ эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхээр төлөвлөсөн байна. Хэрэв 150 гаруй микро автобусыг бүртгэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ жолооч нар хэлж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ