"Оюутолгойн асуудлыг прокурор, АТГ хэлэлцэж байгаа нь буруу"


Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров Цагдан хорих 461 дүгээр ангийн гадаа сэтгүүлчдэд тайлбар өглөө.

Тэрбээр “Шүүгчийн санал гараад прокурор баталдаг яллагдагчаар татах тогтоол гэж байдаг. Энэ тогтоолд авлига хээл хахуулийн асуудал, хөрөнгө мөнгө шамшигдуулсан гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй. Тийм асуудлыг шалгаагүй. Гагцхүү Засгийн газрын танхимаар хэлэлцэн шийдвэрлэсэн улс төрийн шийдвэрийн зөв бурууг нь шийдвэрлэх талаас нь хэлэлцээд байгаа юм.

Гэтэл энэ шийдвэр нь хэд, хэдэн Засгийн газар дэмжиж хэлэлцээд УИХ-д их танилцуулагдаад, хоёр ч тогтоол баталчихсан асуудал шүү дээ. Энэ бол улс төрийн бодлогын шийдвэр. Цаашлах юм бол энэ асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд асуулга тавьж байсан. Энэ гэрээг батлахын өмнө УИХ-аар хэлэлцэгдээд маш олон хүмүүс асуудал хөндөж байсан.

Тэгэхээр Оюутолгойн гүний уурхайг хөдөлгөх эсэх асуудлаар улс төрийнхөө шийдвэрийн зөв бурууг хууль хяналтын байгууллага прокурор, АТГ хэлэлцэж байгаа нь буруу юм. Яагаад гэхээр Монгол Улсын Үндсэн хуульд бодлогын буюу Засгийн шийдвэрийг хэрхэн авч хэлэлцэх тухай их тодорхой заасан байдаг.Үндсэн хуулийн 45.2-т Засгийн газрын шийдвэр буруу байх юм бол, буруу гэж үзэх юм бол Засгийн газар өөрөө эсвэл УИХ хүчингүй болгоно гэж заасан.

Гэтэл тов тодорхой зохицуулалттай зүйлийг хууль хяналтын байгууллага хэлэлцэж байна. Цаашдаа мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилнэ. Гэхдээ хорьж, шалгахгүй цаашаа шалгах зүйл байвал шалгуулъя гэж байгаа юм” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ