Хар тамхины аюулаас хүүхэд, залуусаа хамгаалъя!

Хүмүүс амар хялбар аргаар мөнгө олох сонирхолдоо улам л хөтлөгдсөөр, энэ хэрээр луйварчдын идэш болж буй иргэдийн тоожил ирэх бүр өссөөр байгаа тухай ЦЕГ-аас онцгойлон анхааруулдаг.

Тодруулбал, Монголын нийгэмд хар тамхи бодит аюул заналыг учруулах болсоор нэлээд хэдэн жилийн нүүрийг үзлээ. Бид хар тамхи, мансууруулах бодисыг монголчуудаас алс хол, зах зээл ч байхгүй гэх төөрөгдлөөсөө салаагүй байж байтал хүүхэд залуус энэ төрлийн гэмт хэргийн золиос болж, статистикийн муруй өдөр ирэх бүрт дээшилсээр байна.

Хамгийн сүүлд л гэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хийсэн мэдээлэлд “Мансууруулах бодисын хэрэглээ тасралтгүй өсөж байна. Өнгөрсөн онд хар тамхитай холбоотой 486 орчим шинжилгээг хийсэн. Харин он гарснаас хойш 200 гаруй объектын 100 гаруй шинжилгээ хийсэн. Урьд нь манай нутагт ургадаг олсны ургамал гэх ургамал их байсан. Сүүлийн жилүүдэд синтетик төрөлтэй мансууруулах бодис гэж яригддаг “ICE” буюу мөс их илэрч байгаа. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсөж байна.

Үүнтэй холбоотой шинжилгээний тоо ч дагаад өссөн. Тэгвэл 2017-2021 оны хооронд хар тамхи болон мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсан. Үүнтэй холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний лабораторид хүний биеийн биоматериалд /цус, шээс, үс, хумс/ шинжилгээ хийхэд шаардлагатай мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох гурван аппаратыг хоёр тэрбум төгрөгөөр худалдан авч суурилуулсан аж.

Үүнээс үзэхэд хоёр жил хүрэхгүйн хугацаанд хар тамхитай холбоотой 600 орчим шинжилгээ хийсэн байх юм. Хамгийн гол нь, цагдаад бүртгэгдсэн сэжиг бүхий хэргүүдийн тоо л энэ. Тэгвэл үүний цаана хууль хяналтын байгууллагад мэдэгдээгүй хэчнээн тохиолдол бий бол.

Хар тамхины хэргийн хариуцлага бусад хэргийнхээс хүнд учраас хүрээлэл нь ч асар нууцлагдмал гэдгийг мэргэжилтнүүд анхааруулдаг. Тэгэхээр бүртгэгдээгүй хэргийн тоо бүртгэгдсэнээс хэд дахин олон байх магадлал өндөр аж.

Харин энэ гэмт хэрэгт холбогдуулан эрүү үүсгэн шалгаж буй хэргийн хувьд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид он гарснаас хойш хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг этгээдүүдийг илрүүлэн, дайчлан баривчилжээ. Статистик тооноос харахад он гарсаар нийт 38 хэрэгт 68 хүнийг хар тамхины хэргээр холбогдуулан шалгаж байна.

Иймэрхүү хэргийн тохиолдол олширсоор байгаа нь хуулийн байгууллагынхны шүдний өвчин болжээ. Учир нь Монгол Улс зах зээл гэхээсээ илүүтэй дамжин өнгөрөх бүс болж байна гэсэн дүгнэлт бий.

Мөн Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг иргэдийн тоог нарийвчлан гаргаагүй аж. ХЗДХЯ болон холбогдох байгууллагуудаас 70-90 мянган хэрэглэгч байдаг гэсэн судалгааг л гаргасан байдаг. Хэрэглэгчдийн дийлэнхийг буюу 79 орчим хувийг 18-34 насны эрэгтэйчүүд эзэлдэг байна. Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эрэлт, тээвэрлэлт, борлуулалттай тэмцэхийн тулд иргэдэд нэн тэргүүнд зөв мэдлэг, мэдээлэл хүргэх шаардлагатай гэдгийг сэтгэлзүйч, сэтгэцийн эмч нар онцолдог.

Хар тамхинд донтсон иргэд “Хэрэв эмнэлэгт хандвал намайг барьж хорино” гэсэн айдсаас үүдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ ч авдаггүй гэх.Угтаа хар тамхинд донтсон хүнийг гэмт хэрэгтэн бус өвчтөн гэж үздэг тул баривчлахгүйгээр эрүүл мэндийн тусламж болоод сэтгэл заслын эмчилгээнд хамруулдаг аж. Гэхдээ эдгээр ажлын аль нь ч өнөөдөр тодорхой үр дүнд хүрээгүй нь хууль, эрхзүйн маш цэгцтэй, тодорхой орчин шаардлагатай байгааг харуулж байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ