"Эрүүл мэндийн салбарынхан ажилтай ядуус болж хувирлаа"

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар, Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хорооны зохицуулагч Д.Бямбаа нар өнөөдөр Сүхбаатарын талбайд ажил хаялтын өмнөх суулт хийлээ.

Энэ удаагийн суулт 09:00-10:00 цаг хүртэл үргэлжилсэн бол цаашид өдөр ахих тусам суултын хугацаа уртсах аж.

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар "Төрийн үйлчилгээний салбар тэр дундаа эрүүл мэндийн салбарт хөдөлмөрийн мөлжлөг тогтоод байна. 2014 оны есдүгээр сараас хойш бидний цалин сохор зоосоор ч нэмэгдсэнгүй. Манай эрүүл мэндийн салбарынхан хэдийнэ ажилтай ядуус болж хувираад байна.

Тавдугаар сарын 1-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллынсайд С.Чинзоригоор ахлуулсан цалин нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээр эхэлсэн. Засгийн газар ямар ч гаргалгаагүйгээр орж ирсэн. Хэлэлцээр хийгээд л байдаг ямар ч үр дүн гардаггүй. Бүтэн дөрвөн жил биднийг хуурч байна. Тиймээс тэмцлийн хурц хэлбэр рүү орно.

Үнэхээр эрүүл мэндийн салбарынханыг ажил хаялтад турхирч байгаа юм биш. Эмч, эмнэлгийн ажилтнуудын хийж байгаа шударга тэмцлийг үр дүнд хүргэхийн төлөө би энд сууж байна. Суултад оролцогчид өдөр ирэх тутам нэмэгдэнэ.

Ажил хаялт Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Бид өчигдөр орой хуралдаад хамтын маргаан үүсгэх шийдвэр гаргаж, ажил хаялт хийх эрхээ үүсгэхийн тулд СБД-ийн Засаг даргад мэдэгдлээ өгсөн байгаа. Хамтын маргаан зуучлагч, арбитр гээд нэлээд хугацаа шаарддаг учраас ажил хаялт хийх эрх үүстэл бид суултаа үргэлжлүүлнэ" гэв.

МҮЭХ-ны зүгээс одоо үргэлжилж буй гурван талт хэлэлээр үр дүнд хүрэхгүй тохиолдолд ажил хаялт зарлах тухай чиглэлийг харьяа үйлдвэрчний эвлэлийн холбооддоо хүргүүлж байгааг энэ үеэр МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлж байв.

Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан "Манай салбарын ажилчид үйлдвэрчний эвлэлийн холбоондоо хандан бидний цалинг нэг өдрийн өмнө ч болтугай нэмэгдүүлж өгөөч ээ гэсэн хүсэлтийг ирүүлж байгаа учраас өнөөдөр энд ирж, ажил хаялтын өмнөх суултад оролцож байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ