НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн сувилагчдын баярын хуралд оролцлоо

Жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдөр олон улсын сувилагчдын баярын өдөр тохиодог билээ. Улсын хэмжээнд энэ жилийн сувилагчдын баярыг “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалья” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажилладаг сувилагч, эмнэлгийн тусгай дунд мэргэжилтнүүд өнөөдөр баяраа тэмдэглэж байна.
Дүүргийн сувилагчдын баярын үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нар оролцож, цагаан нөмрөгт баатрууддаа баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ: “Дэнлүү барьсан эмэгтэй хэмээн дэлхийд алдаршсан Английн сувилагч Флоренсе Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн үзэж, Олон улсын сувилагч нарын өдрийг түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-нд тэмдэглэдэг болсноор манай улс 22 жилийн нүүр үзэж байна. Сувилагч хүн гэдэг бол эрүүл мэндийн тусламж үзүүлэгч, эрүүл мэндийн боловсрол олгодог сургагч багш, өвчтөний өмгөөлөгч, халамжлан хүмүүжүүлэгч, дотны найз болсон эрхэм мэргэжилтэнгүүд билээ. Та бүхний ариун үйлст өндөр амжилт хүсэн ерөөе” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ