Экс Ерөнхий сайд нарыг "баярлуулан гомдоосон" 7 хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.

Улс төрд

АТГ-ын даргын асуудлыг хуулийн дагуу шийдэх нь зүйтэй гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын /АТГ/ даргын асуудлыг хэлэлцсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан гэж тайлбарлаж байгаа ч МАН-ын бүлэг асуудлыг хуулийн дагуу шийдэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Ч.Сайханбилэг: Үнэхээр идсэн уусан бол төрийн цээрлэлийг эдлээд л гарна

Хорих 461-р ангид хоригдож буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн ил захидал бичсэн байсан. Уг захидалд “Хорих ангийн алхах гишгэх зайгүй жижиг умгар өрөөнд өргөст торны цаана өдөр хоногийг өнгөрөөн бие, сэтгэлийн там эдлэн суухын зовлон хэцүүг хичнээн дүрслэн тайлбарлаад ч энд орж үзээгүй хүмүүс ойлгохгүй буй за.

Үнэхээр идсэн уусан, эрүүгийн хэрэг хийсэн бол төрийн цээрлэлийг эдлээд л гарна. Харин Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлж, эх орондоо хэрэгтэй том төсөл хөдөлгөсөнийхөө төлөө ингэж суух нь үнэхээр эгдүүцмээр....” хэмээсэн байв.

Байнгын хороо АТГ-ын даргыг томилох саналыг хууль зөрчсөн гэж үзэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн АТГ-ын дарга, дэд даргын асуудлыг хэлэлцлээ. Ингээд байнгын хорооны гишүүдийн олонх АТГ-ын дарга, дэд даргыг томилох санал нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа учраас байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Ерөнхийлөгч Элчин сайдыг эгүүлэн татах, томилох саналаа УИХ-д хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай саналаа хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвшилцөх саналд:

  1. Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг томилох,
  2. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг тус тус томилох асуудлыг зөвшилцөхөөр саналд тусгасан байна.

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорихоор шийдэв

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих, батлан даалтад гаргах эсэхийг шийдэх хурал болсон.Тэднийг эхлээд Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч суллаж, гадуур байцаалт авах шийдвэр гаргаад байсан билээ.

Гэвч хуульд заасан эрхийнхээ хүрээнд прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч хянаад С.Баяр, Ч.Сайханбилэг нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамж тодорхойгүй бус гэсэн үндэслэлээр уг шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иймд С.Баяр, Ч.Сайханбилэг нарын тус бүрийн цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгасан болно. Хоёр ерөнхий сайд асны асуудлыг шийдэх хуралдаанд тэдний өмгөөлөгчид оролцоогүй бөгөөд шүүхээс өдөр нь суллах шийдвэр гаргасан ч орой нь "дахин" хорихоор шийдвэрлэсэн нь олон нийтийн анхаарлыг татсан юм.

2019 онд эдийн засгийн өсөлтийг 8 хувь байхаар тооцоолжээ

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын эдийн засаг зөвхөн түүхий эдийн үнээс хамаарч өсч байгаа гэдэгтэй санал нэгдэхгүй байна. Бид өнгөрсөн хугацааны бодлогын алдаануудыг зассан. Тэгэхээр түүхий эдийн үнийн ханш болон төрийн зөв бодлогоор эдийн засаг сэргэж байгаа гэж болно. 2019 онд бид эдийн засгийн өсөлтийг 8 хувь, 2020 онд 6 хувь байхаар тооцоолсон. Учир нь 2020 онд сонгууль болно. Сонгуультай холбоотой хэт улс төржилт эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх магадлалтай тул бид 6 хувиар тооцсон” гэлээ.

Нийгэмд

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхийг шаардаж майхантай жагсав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхийг шаардаж "Гэрээ хороолол хөдөлгөөн"-өөс Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгууллаа. Жагсаалд оролцогчид 100 гаруй майхан барьж эсэргүүцлээ илэрхийллээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэж байсан нийслэлийн таван дүүргийн иргэд энэхүү майхантай жагсаалд оролцсон аж.

Үнэмлэхээ хураалгасан микро автобусны жолооч нар жагсав

Нийслэлийн төв захиргааны байр “Хангарьд” ордны урд микро автобусны жолооч нар жагслаа. Нийслэлийн Тээврийн газрын байцаагч нар өчигдөр микроны жолооч нарын үнэмлэхийг хураан авчээ. Уг жагсаалд 200 гаруй иргэн оролцов. Энэ талаар “Бичил аян эздийн хоршоон”-ы дарга Г.Баатар“Нарантуул чиглэлд явдаг 40-50 микро автобусны гэрчилгээг бүртгэлийн санд байхгүй гэх шалтгаанаар нэг дор хураан авсан. Үүнийг бид байцаагчид албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл гэж харж байна Хэрэв 150 гаруй микро автобусыг бүртгэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” гэв.

“Монголд эрчүүдийн эрүүл мэндийн талаар нарийвчилсан судалгаа байхгүй"

Монгол эрэгтэйчүүдийн нас баралт сүүлийн гурван жилийн байдлаар 3.3 хувиар өсчээ. Уг мэдээллийг Төрийн ордонд болсон "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр өглөө.

Хэлэлцүүлгийн үеэр ЭМЯ-ны Урологи, Андрологийн салбар зөвлөлийн дарга, АУ-ны доктор, профессор Д.Нямсүрэн "Монгол Улсад жилд дунджаар 17 мянга гаруй хүн нас барж байгаагийн 62 хувь нь эрэгтэйчүүд байна. Нас баралтын 33.1 хувийг зүрх судасны тогтолцооны өвчин, 25.6 хувийг хавдрын шалтгаан эзэлж байна. 20-45 насны эрэгтэйчүүдийн 80 хувь нь түрүү булчирхайн үрэвсэлтэй. Үргүйдлийн 44.4 хувь нь эрэгтэйчүүдээс шалтгаалж байна. Манай улсын хувьд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаар нарийвчилсан судалгаа байхгүй байна” гэлээ.

Дэлхийд

Умард Солонгост хоригдож байсан АНУ-ын гурван иргэнийг суллав

БНАСАУ-д хоригдож байсан АНУ-ын гурван иргэнийг сулласныг Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп твиттертээ бичжээ. “Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео гурван гайхалтай сэхээтний хамт Умард Солонгосоос нисч байгааг мэдээлэхдээ би баяртай байна. Тэднийг хүмүүс тэсч ядан хүлээж байна” гэж Трамп бичжээ.

Трамп, Ким Чен Ун нар Сингапурт уулзахаар болов

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзах огноо, газрыг зарлажээ. Тэрээр тавдугаар сарын 10-нд өөрийн твиттер хуудсанд ингэж бичсэн байна. “Би Ким Чен Унтай зургаадугаар сарын 12-нд Сингапурт уулзана. Бид хоёр даян дэлхийн энх тайвны тусын тулд уулзалтыг онцлог агуулгатай болгохыг мэрийнэ” гэжээ.

Путиний хамгаалалтынханд ахмад дайчин түлхүүлэв

Ялалтын баярын парадын үеэр хамгаалалтын албаныханд түлхүүлэхэд нь Владимир Путиний өмөөрсөн ахмад дайчныг Дмитрий Петрович Сыркашев гэдгийг телевизийн РЕН ТВ суваг мэдээлжээ.

Хошууч генерал Дмитрий Сыркашев баруун болон Белорусын гуравдугаар фронтод байлдаж, Кенигсберг хотыг дайран эзлэх, Смолескийг чөлөөлөхөд оролцож байсныг мэдээлж байна. Дайны үед тэрээр хоёр удаа шархдаж, 1943 онд нурууныхаа хавьд сумны шарх олжээ. Ахмад дайчин Ялалтын парадад жил бүр оролцож байсныг телевизийн суваг тэмдэглэсэн байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ