"Бэхэн цэнхэр өдрүүд" ирсээр байх болно

Монголын билэг оюуны тод нэгэн оргил Арлааны Эрдэнэ-Очир бурхан зүгт дэвшив. Өндөр оюун санаат, гэгээрэл ухамсар төгс амьдралынхаа цаг тоо, мөчлөг бүхэнд гагцхүү эх хэл, бичиг соёлынхоо төлөө яруу тунгалагаар замнан амьдарсан яруу найрагч байлаа. Залуус дүү нараа эрдмийн гэгээн бүхнээр үлгэрлэн, хүмүүний сэтгэлийг үгийн урлаг, яруу билэг, гоо сайхнаар ариусган, зон ардынхаа билгүүнийг гийгүүлэгч амьдралыг үргэлж зохионгуйлсан энэрэнгүй нигүүлсэлт дууч-соён гийгүүлэгч байсныг Монголын ард түмэн мэднэ. Амгалан бодь, халуун бүлээн сэтгэлээр хорвоогийн бүхэнд хандаж, нэр төр, алдар гавьяанд огтхон ч шунах үл бөгөөтөл хүн ардынхаа үлэмжийн хүндэтгэл хайранд үнэмлэхүй дархлагдсан уран бүтээлч байлаа. Тэнгэрт дэвшин зүглэх сүүлчийн өдрүүддээ ч, өөрийг нь хайрлан хүндэтгэгч уншигчид, багш оюунтнууд, гэгээн багачууддаа соён гэгээрлийг мөшгүүлэн, зохиолч яруу найрагч эрхэм нөхдийнхөө дунд наадаанч хонгор ааш төрх, үг үйлээрээ инээлдэн баясч, эрх тааваар утга уянгадаа жарган, энгэртээ их Явуухулангийнхаа хөрөг тэмдгийг гэрэлтүүлэн, Очирвааниас ундрагч Идэр мөрнийхөө хөвөөгөөр үсээ илбэн эрхэмсэг сайхнаар алхсан юм. Халхын тамгатай арван гурван хутагтын хоёрын хоёр нь мэлмий гийсэн энэхүү онгон нутагт удаа дараа ирж, төрсөн сайхан нутгийнхаа ноён хутагтын мэнд сүншигүүдийг уулзуулах мэт ийн алхдагтаа тэр дуртай байсаан, ингэхийн учир утга, эртний ерөөлтэй байсан юм уу даа. Амьсгал отголон тийн нойрсоод, аугаа эх орныхоо нийслэлд ирэхдээ үүлэн дээгүүр, уул ус дээгүүр, их огторгуй дотуур нисэн дүүлж, амраг хань, алтан хөвгүүдийнхээ алган дээр ирээд, авьяаст зохиолчдынхоо өлгий тоонот Зохиолчдын эвлэлийн хорооныхоо албан өрөөнд алтан зулаа асаалгасан байна. Алтан өлгийдөө өнөөдөр оршоогдоно. "Бэхэн цэнхэр өдрүүд" ирсээр байх болно, бий болгосон бүхэн нь дэлгэрсээр байх болно. Бидний дунд амьдарсаар байх болно.

Үл мартагдах, үл давтагдах үйлийг бүтээсэн үлэмж эгшиглэнт хүмүүн Арлааны Эрдэнэ-Очир гэдэг энэ нэр алтан дэлхийн яруу сайхан бүхний эхэнд дуурссаар байх болно оо.

Ум сайн амгалан болтугай.

Үлэмж эгшиглэн сангийн Удирдах зөвлөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ