С.Чинзориг: Төрийн албан хаагчдын цалинг огцом 50 хувиар нэмэх боломж байхгүй

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх эсэх, хүүхдийн мөнгөний талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэхээр жагсаал, цуглаан зохион байгуулж байна. Тэдний цалинг нэмэх боломж бий юу?

-2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй гэдэг шийдвэр гарсан. Мөн ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа төрийн албаны шатлалыг ахиулахгүй байх, зэрэг дэв нэмэгдүүлэхгүй байх шийдвэрийг УИХ гаргасан. Гэхдээ манай Засгийн газар байгуулагдсан цагаас хойш үйлдвэрчний эвлэлийн байгуулгуудтай хамтарч ажиллаж байгаа. 2017, 2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнд, Засгийн газар хоёр үүрэг хүлээсэн. Амжиргааны төвшний өөрчлөлтэй уялдуулаад төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар ОУВС-тай хэлэлцээр хийх үүрэг авсан. Хоёр, 2018 оны хоёрдугаар улиралд багтааж төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээр хийх үүргийг хүлээсэн. Засгийн газар энэ хоёр үүргээ хоёуланг нь биелүүлэхээр ажиллаж байна.

2018 оны хоёрдугаар сарын эхээр ирсэн ОУВС-ын төлөөлөлтэй уулзаж, 2014 оноос төрийн албан хаагчдын татварыг нэмээгүй, иргэдийн худалдан авах чадвар унаж байна. Тиймээс төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шаардлага байна гэж ярьж байгаад энэ оны дөрөвдүгээр улиралд багтаагаад төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зөвшилцөлд хүрсэн. Өөрөөр хэлбэл, 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхгүй гэж ОУВС-тай байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулахаар болсон. Мөн 2018 оны хоёрдугаар улиралд багтаан цалинг нэмэгдүүлэх хэлэлцээр байгуулах үүргийнхээ дагуу хэлэлцээр хийгээд явж байна.

-Жагсаал хийж байгаа эрүүл мэндийн ажилтнууд цалинг хэдэн хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа вэ?

-Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэл цалинг 50 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа. Гэхдээ улс орны төсөв санхүүгийн байдал ямар байгааг бид сайн мэднэ. Монгол Улсын төсөв зарлага 7 их наяд төгрөг. Энэ 7 их наядын 1.7 их наяд нь цалингийн сан байна. 1.9 их наяд нь Нийгмийн даатгалын сангаас олгогдож байгаа өндөр настны тэтгэвэр, 2.3 их наяд нь гадаад улс оронд төлж байгаа зээл, зээлийн хүү. 500 орчим тэрбум төгрөг нь халамжийн сангийн зардал юм. Тиймээс төрийн албан хаагчдын цалинг огцом 50 хувиар нэмэх боломж байхгүй. Өнгөрсөн жил улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт байгуулахдаа төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх чиглэлээр ОУВС-тай хэлэлцээр хийж, цалинг тодорхой хэмжээгээр нэмэх үүрэг авсан. Гурван тал гурвуулаа гарын үсэг зурсан.

-Тэгэхээр үйлдвэрчний эвлэл хэлсэн ярьсанаасаа буцаж байна гэсэн үг үү?

-Тийм. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд нэмэлт хэлэлцээр байгуулсан хэлэлцээрээсээ давсан шаардлага тавьж байгааг гайхаж байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх чиглэлээр ОУВС-тай хэлэлцээр хийж ажиллана гэсэн үүргийг авч гурван тал гарын үсэг зурж, Засгийн газарт өгсөн. Энэ үүргээ Засгийн газар биелүүлж, 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй царцаана гэсэн хөтөлбөртөө өөрчлөлт оруулан инфляцийн түвшинтэй уялдуулан цалингаа нэмэхээр боллоо. Яг иймд үед амлалтаасаа давсан шаардлага тавьж байгааг гайхаж байгаагаа хэлмээр байна.

-Энэ онд цалин нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж болох уу?

-Төрийн албан хаагчийн цалинг энэ оны дөрөвдүгээр улирлаас эхлээд инфляцтай уялдуулж нэмэгдүүлнэ. Ирэх оноос ч мөн адил инфляцтай уялдуулж нэмнэ.

-Инфляцтай уялдуулахгүйгээр тодорхой хувиар нэмэх боломж байхгүй юу?

-Инфляцтай уялдуулахгүй бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Өөрөөр хэлбэл цалин нэмсэн нь сөрөг үр дагавар дагуулах эрсдэлтэй. Тиймээс инфляцийн төвшингөөс давуулан нэмэх боломжгүй.

-Хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 20 хувиар нэмэгдүүлэхдээ санхүүжилтийг хэрхэн шийдсэн бэ?

-Засгийн газраас эдийн засгийн боломжтой уялдуулаад хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгоно гэж төсөвт тусгасан. Одоогоор 684 мянган хүүхдэд олгож байна. Нэмж 20 хувьд нь олгохын тулд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад байгаа Нийгмийн халамжийн нэмэлт хөтөлбөр гэж төсөвт тусгасан 41 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон. Цаашид хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилт бий. Тиймээс 2019,2020 онд Засгийн газрынха мөрийн хөтөлбөрийг хангаж ажиллах зорилт тавиад байгаа.

- Хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 20 хувиар нэмэгдүүлэхдээ өрхийн амжиргааны төвшин тогтоох судалгааг дахин хийх юм уу?

-2013,2015,2017 онуудад өрхийн амжиргааны төвшин тогтоох судалгааг хийсэн. Энэ судалгаан дээр үндэслээд хүүхдийн мөнгөний хамрах хүрээг нэмчих боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ