Хүчээ нэгтгэж болно, хүчээр дагах гэвэл утгагүй


Өнөөдөр/2018.05.21/ Төрийн ордонд эхлэх “Монголын эдийн засгийн чуулган-2018” ямар болох бол, чуулганаас чухам ямар шинэ санаа шинэ мессежүүд гарч ирэх бол?Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг зохион байгуулагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон хамтран ажиллаж байгаа МҮХАҮТ, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийгхүлээн авч уулзсан..
Чуулганы бэлтгэл хангагдсан, төр, хувийн хэвшил хамтарвал эдийн засгийг сэргээх ямар боломжтой гэдгийг нотлон харуулсан, эдийн засаг гэлтгүй нийгэм, улс төр гэх мэт өргөн хүрээг хамарсан чуулган болно. Шаардагдах бүх зардлыг хувийн хэвшлийнхэн гаргасан тухай зохион байгуулагчид нь Ерөнхий сайдад танилцуулж байсан.
Бүх салбар хуралдааныг нэр бүхий телевизүүд шууд дамжуулах бөгөөд цахим технологийг өргөн ашиглахаар төлөвлөсөн байна. Тухайлбал иргэд анх удаа цахим аппликэйшн ашиглаж сонирхсон асуултдаа хариулт авах боломжийг бүрдүүлжээ. Төр хувийн хэвшил түншлээд ирэхээр мэдээж л зохион байгуулалт нь сайжирч таараа. Гэхдээ “Монголын эдийн засгийн чуулган-2018”төр засгийнханд тал зассан , тэдний үйл ажиллагааг аялдан дагасан байдалтай бүү өнгөрөөсэй.
“Хүчээ нэгтгэе” уриан дор болох энэ чуулганаар төр, хувийн хэвшил хамтран эдийн засагт тулгамдаж байгаа олон асуудлыг харилцан ярилцаж, гарц, шийдэл эрэлхийлэн, бодит үр дүн гаргаасай гэсэн хүлээлт байгаа ч сүр жавхлантайуриан дор лоозогносон байдалтай "дүр эсгэсэн эдийн засгийн чуулган" болохгүй гэжнайдья.
Дөрвөн нэгдсэн хуралдаан болох бөгөөд Засгийн газраас баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого, Халамжаас бүтээмж рүү, Хөдөө аж ахуйн хөгжил-Хөрөнгө оруулалт, Цахим шилжилт-Блокчэйн, Санхүү, хөрөнгийн зах зээлийн өнөөдөр ба ирээдүй, Хариуцлагатай уул уурхай-Хүртээмжтэй өсөлт, Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд, хувьчлалын бодлого, Аялал жуулчлал-Агаарын тээвэр, Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл, Улаанбаатар хотын эдийн засаг-Хөрөнгө оруулалт, Монгол Улсын Брэндинг, Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал зэрэг сэдвийг 12 салбар хуралдаанаар хэлэлцэх юм.
Хоёр өдөр үргэлжлэх “Монголын эдийн засгийн чуулган-2018” хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, Санамж бичигт гарын үсэг зурснаар өндөрлөнө гэж засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлж байсан.
Төр, засаг шинжлэх ухаанд суурилсан, тооцоо судалгаатай бодлого явуулах ёстой. Бизнес эрхлэгчидтэйгээ хамтарч ажиллах нь хөгжлийн хамгийн зөв гарц гэж үздэгээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг угтаж хэлсэн.
Тэрээр “Олон жил үргэлжилж байгаа хий хоосон улстөржилт, хэрүүл шуугианаа зогсоон бүтээн байгуулж эдийн засгаа босгоё. Хүчээ нэгтгэе, Бодлоо нэгтгэе, Нэг зүг харъя” гэсэн юм.Эдийн засгийн чуулганы хамгийн чухал зүйл нь асуудлыг өөр өөр өнцгөөс харах мэтгэлцээний зарчим. Нийгэм эдийн засгийн амьдралд "шүгэл"болох хүчтэй мессежүүд , бас хамтдаа гарц олох.Тиймээ нэг зүгрүү хараад зүтгэх зөв ч бас олон өнцгөөс нэг зүгрүү харж болно. Хүчээ нэгтгэж болно, хүчээр аялдан дагах гэж гүйлдвэл утгагүй. Ямартай ч “Монголын эдийн засгийн чуулган-2018” эхэлчихлээ.
Д.Оюун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ