Ховор амьтан агнах гэмт хэрэг тасрахгүй байна

Хэнтийн салбар уулс, Хангайн нуруу, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нутагт хууль зөрчин хүрэн баавгай болон ховор амьтан агнах явдал тасрахгүй байгаа аж. МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид хууль зөрчин ховор амьтан агнасан нэг бус хэргийг илрүүлэн шалгаж, заримыг нь шүүх хэлэлцэн ял шийтгэжээ.
Тухайлбал, хамгийн сүүлд иргэн О хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий арьс тээвэрлэж яваад саатуулагдсан байна. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нэг жил тэнсэн харгалзах ял оноож, тээврийн хэрэгслийн нь улсын орлогод авах, уг амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ болох 6.5 сая төгрөгийг хоёр дахин нугалж буюу 13 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр болсон аж.
Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолын I хавсралтад хүрэн баавгайг ховор амьтны жагсаалтад оруулсан байдаг аж. Ховор амьтан агнахаас гадна тэдгээрийн гаралтай түүхий эд, эрхтнийг хадгалсан, худалдсан тээвэрлэсэн бол агнасантай адилтгаж үзэхээр хуульчилсан байдаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ