Баавгайн эд эрхтэн тээвэрлэсэн этгээдүүд ял шийтгүүлэв

Хан Хэнтийн салбар уулс, Хангайн нуруу, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нутагт хууль зөрчин хүрэн баавгай агнах явдал гарсаар байна. МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид хууль зөрчин ховор амьтан агнасан нэг бус хэргийг илрүүлэн шалгаж, заримыг нь шүүх хэлэлцэн ял шийтгэжээ.

Энэ төрлийн нэг бус хэргийг шүүх шийдсэн. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн иргэн О-д холбогдох хэрэг. Тэрбээр хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий арьс тээвэрлэж яваад саатуулагдсан юм. Тус шүүхээс иргэн О-д нэг жил тэнсэн харгалзах ял оноож, тээврийн хэрэгслийг нь улсын орлогод авах, уг амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ болох 6.5 сая төгрөгийг хоёр дахин нугалж буюу 13 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр болсон.

Иргэн О баавгайг өөрөө агнаагүй гэдэг ч дээр дурдсан Амьтны тухай хуулийн 37.3-т заасны дагуу ийм шийтгэл ногдууллаа. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, багаж, зэвсгийг ч улсын орлого болгохоор хуульчилсны дагуу ийн шийдвэрлэсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ