Б.Шаравын "Эхийн сэтгэл шиг..." шинэ бүтээл өнөөдөр эгшиглэнэ


Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шаравын II симфонийн 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, БСШУСЯ, ДБЭТ, Улсын филармони зэрэг байгууллага хамтран өнөөдөр 19.00 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрт зохион байгуулах юм.
Хүндэтгэлийн тоглолтын бас нэгэн чухал шигтгээ бүтээл нь хөгжмийн зохиолч Б.Шаравын энэ онд туурвисан “Эхийн сэтгэл шиг...” хэмээх аяз аж. Уран бүтээлч энэхүү бүтээлийнхээ ноотны зүүн дээд өнцөгт “Хайрт хань Дэмбэрэлийн Ганчимэгт зориулав” гэж бичжээ. Морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан уг аязыг Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж анхлан тоглож сонсогчдод хүргэх гэж байна.
.jpg)
Хөгжмийн зохиолч Б.Шарав удаан хугацааны турш бие чилээрхүү байгаа ч харандаа, цаас нийлүүлэн бичсээр байгаа тухай ойр дотнын хөгжимчид нь хэлж байсан юм. Өвчин шаналалыг сөрөн байж, зовохын цагт эхийн хайраар халамжлан хайрлаж, арчилж тордож буй хайртай гэргийгээ өрөвдөн энэрэх сэтгэлийн өчил нь чухамхүү энэхүү “Эхийн сэтгэл шиг...” бүтээл нь болов уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ