У.Хүрэлсүх харин "яг түүн шиг" байж чадсан уу?

Форумын дайтай зар тунхаглал бүхий эдийн засгийн чуулганы үеэр УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар, яам тамгын газрын агентлагийн хурган дарга нар гээд шийдвэр гаргахын эсрэг комплекстой болчихоод байгаа эрх баригчдын айдсыг үргээж зоригжуулах "хүч оруулах" хүчээр нэгтгэх ажиллагаа хоёр өдөр явагдав.

Сүлдээ дуудуулж байгаа лугаа яг хүч орох гэж, хүчээ нэгтгэх гэж байтал Ерөнхийлөгч Х.Баттулга "Монголын эдийн засаг гадаад нөхцөл байдлаас шалтгаалж байгаа. Эдийн засгийн өсөлтөд Монголын Засгийн газрын нөлөө байхгүй" хэмээн хатуухан хэлчихэв..Хөрөнгө оруулагчид оролцоогүй, ордны нөхдүүд голдуу чуулсан чуулганд онож таарсан гашуун боловч үнэн үг.

Зохион байгуулагч нэрийдлээр аль эртнээс өөрийгөө хангалттай рекламдаж амжсан Хас хэмээх Ч.Ганхуягийн ятгалгаар У.Хүрэлсүх ерөнхий сайд төрийнхнийг яг л цэргийн дарга шиг бүгдийг нь байлцуулж чадлаа. Харин гадны хөрөнгө оруулагчид ирсэнгүй. Нөгөө л хуралд оролцдогХудалдаа аж үйлдвэрийнхэн тэргүүтэй хэдийгээ эс тооцвол манай томоохон компанийн захирлууд бизнесменүүд ч үзэгдсэнгүй. Арга ядаж суухад нь Баабар ирээд балбаж орхилоо. "Баавартай үг" бас л үнэнийг өчиж, форум зохион байгуулагчдын голыг нь горойлгов. Энэ форум үнэндээ Ерөнхийлөгч Х.Баттулга, Баабар хоёрын хатуу боловч чухам үнэний индэр болчихлоо.

Асар их хэмжээний зардал гаргасан энэ чуулганд гадны хөрөнгө оруулагч ганц хоёр хүнийг гуйгаад ч болов хамаагүй аваад ирээгүй нь харамсалтай. Чамгүй олон жил зохион байгуулагдаж ирсэн гадна дотны хөрөнгө оруулагч, бизнесийнхний индэр, эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлж чаддаг эдийн засгийн форумыг энэ удаагийн зохион байгуулагчид засгийн газартаа "зориулсан" бололтой юм. Лоозогнох, тунхаглах, хуучинсаг аргачлалаасаа салж чадаагүй зохион байгуулагчид хас Ч.Ганхуягийгаа харин хангалттай рекламдаж амжлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх харин "яг түүн шиг" байж чадсан уу?

Т.Цахилгаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ