З.Энхболд: Хүмүүсийн ойлголтод тааруулж нэр дэвшүүлэх шаардлагагүй гэж үзсэн

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүдийг томиллоо. Ерөнхийлөгчөөс санал болгосон гурван хүнийг цэцийн гишүүний шалгуурт тэнцэхгүй байхад улстөрийн тохироогоор томиллоо гэх шүүмжлэл байгаа юм.

Энэ асуудалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулахад "Монгол Улсын Үндсэн хуулийн 65.2-т Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улстөрийн өндөр мэргэшилтэй МУ-ын 40 нас хүрсэн иргэнийг томилно гэж заасан. Хууль зүйн дипломтой эсвэл улс төрийн мэргэшилтэй хүн байна гэж заасан байна.

Хуучин томилогдож байсан жишгийг харахад П.Очирбат, Лхагва, Чалхаажав нар хуулийн дипломгүй. Тэгэхээр дээрх хоёр шаардлагыг нэгэн зэрэг хангах шаардлагагүй гэсэн үг. Өнөөдөр УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэц нь хамгийн сайн хуульчдын цуглуулга байх ёстой гэж хэлж байна. Гэтэл Үндсэн хуулийн 65.2–т ингэж заагаагүй байна. Би УИХ-ын дарга байхдаа МУИС-ийн Цогтоо, Ганзориг багшийг санал болгож Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байсан. Нийт гишүүд, ард түмэн Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигч нь хуулийн мэдлэгтэй, эрдэмтэн хүн байх ёстой юм шиг ойлголттой байна. Харин Үндсэн хууль арай өөр шаардлага тавиад байна. Улс төрийн өндөр мэргэшилтэй гэдэг нь ядаж л намын гишүүн, өндөр албан тушаал хашиж байсан хүн гэж ойлгож байна.

Улстөрчдийг томилж болохгүй гэж ойлгож болохгүй. Мөн багш нарын цуглуулга болж болохгүй. Үндсэн хуулийн шаардлагын дагуу хүмүүсээ нэр дэвшүүлсэн. Хүмүүсийн тогтсон ойлголт өөрч хуулийн шаардлага өөр гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Яахав шүүмжлэлийг харж байна. Энэ шаардлагад нийцсэн ямар нэгэн улс төрөөр яваагүй эрдэмтэд л гомдол гаргаад байх шиг байна. Тэд “Би хуулийн мэдлэгтэй. Эрдмийн өчнөөн бүтээлтэй. Гэтэл намайг нэр дэвшүүлсэнгүй “ гэж байх шиг байна. Тэд улс төрийн өндөр мэргэшилгүй байгаа биз дээ. Хуулиа л барихаас биш хүмүүсийн ойлголтод тааруулсан хүнийг нэр дэвшүүлэх шаардлагагүй гэж үзсэн" хэмээн тайлбарлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ