Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тусгай хамгаалалтын газрын туганд хүндэтгэлтэйгээр зүүв.

Цэргийн гавьяаны улаан тугийн одон олгох зарлигт:

“Төрийн тусгай хамгаалалтын газрыг

Цэргийн гавьяаны улаан тугийн

одонгоор шагнах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил,Зэвсэгт хүчний 97 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, үндэсний аюулгүй байдал, төр засгийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад оруулсан Төрийн тусгай хамгаалалтын газрын үе үеийн ажилтан албан хаагч, цэрэг, офицер, ахлагчдын гавьяа зүтгэлийг үнэлж, Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.


Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Гавьяат хуульч цолоор Хошууч Генерал Шагдарын Нацагдорж, Хурандаа Гомбодоогийн Жаргалсайхан нарыг шагналаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ