Оростой харилцахдаа “улаан зураасыг” давж гарахгүй байхыг Путин Өрнөдөд анхааруулав


Владимир Путин Оростой харилцахдаа “улаан зураасыг” давж гарахгүй байхыг Өрнөдийн орнуудад уриалжээ. Тэр Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр ингэж мэдэгдсэнийг хэвлэлд дурдсан байна.
“НАТО манай хилд ойртож ирсэн төдийгүй, маргааш Украиныг мөн тийш нь оруулж,ямар нэг радар болон пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем нийлүүлнэ гэсэн сэжиг бидэнд төрж байгаа юм. Гэхдээ ямар нэг хил зааг гэж бий, “улаан зураасыг” давж гарч болохгүй л байх гэж ерөнхийлөгч тэмдэглэжээ.
“Манай эрх ашигт мөн хүндэтгэлтэй хандацгаая” гэж оросын төрийн тэргүүн уриалсан байна.
Путин Украины дотоодын хямралыг жишээ болгон дурджээ. “Украинд зэвсгийн хүчээр төрийн эргэлт хийхийг яагаад өрнөдийнхөн дэмжсэн бэ? Гэтэл ноён Ющенко, Тимошенко гээд өрнөдийн тал баримтлагч улс төрчид засгийн эрхэнд байсан шүү дээ. Хүч хэрэглэн зэвсэгт эргэлт хийх хэрэгтэй байсан хэрэг. Яах гэж? Тэгээд ямар хямралд хүргэсэн билээ” гэж тэр асуужээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард Европын комиссын дарга Жан-Клод Юнкер ЕХ-ны элчин сайд нартай уулзаж хэлэхдээ,Украин Европын холбоо, НАТО-гийн аль алинд хамаагүй гэж мэдэгдсэн байдаг. “Миний анд (Украины ерөнхийлөгч Петр) Порошенко хэдхэн өдрийн өмнө Украин бол ЕХ, Украин бол НАТО хэмээн хэлснийг би сонссон. Одоогийн байдлаар аль нь ч биш. Бүгд үүнийг мэдэж байх ёстой” гэж Юнкер тэмдэглэсэн юм.
Үүнээс хэдхэн өдрийн өмнө Порошенко хэлэхдээ, Украин ЕХ болон НАТО-д гишүүнээр элсэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм. 2017 оны хоёрдугаар сард Украины ерөнхийлөгч Умард Атлантын эвсэлд элсэх асуудлаар нийт ард түмний санал хураалт явуулах бодолтой байгаагаа нотлосон билээ.2015 оны хоёрдугаар сард тэр бас Украиныг ЕХ болон НАТО-гийн гишүүн болгох нь тус орны эрх баригчдын гол зорилго хэмээн тодорхойлж байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ