НӨАТ-ын буцаан олголтын баримт 8000 ургаа модны үнэтэй

Манай улс НӨАТ-ын буцаан олголтын системийг нэвтрүүлснээр анхны жил 4000 мод тайрсантай тэнцэх хэмжээний цаас зарцуулжээ. Тухайн үед иргэдэд сард зургаан сая баримт олгосон бол энэ тоо өнөөдөр 30 сая хүрсэн байна.

Иймд системийг илүү боловсронгуй, байгаль орчинд ээлтэй байлгах шинэчлэлүүдийг Гааль, Татвар, Санхүүгийн Мэдээллийн Технилогийн төв хийж байна.

Энэ талаар тус төвийн дэд захирал Б.Биндэръяагаас тодруулахад “Бид өнгөрсөн жилийн долоодугаар сараас системээ сайжруулж, хоёр дахь хувилбарыг боловсруулаад, хөгжүүлэлтээ хийж байна.

Энэ ажлын хүрээнд банкуудтай гэрээ хийж, зарим газар нэвтрүүлээд эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч бэлэн ба бэлэн бус тооцоогоо банкаар дамжуулж хийхэд тэр нь автоматаар НӨАТ-ын буцаан олголтын систем рүү илгээгдэнэ. Үүний тулд хэрэглэгчид эхлээд өөрийн дансны дугаарыг системд бүртгүүлэх хэрэгтэй ба картаараа худалдан авалт хийхэд мэдээлэл нь манайх руу орно гэсэн үг.

Хэрэглэгч хүсвэл НӨАТ-ын баримтаа авч болно. Мөн Мобиком, Юнител зэрэг гар утасны операторуудтай хамтран ажиллаж байна. Өмнө нь хэрэглэгч төлбөрөө төлөх, нэгж авах зэргийг гар утсаар дамжуулан хийсэн тохиолдолд НӨАТ-ын баримт хэвлэгддэггүй, орхигддог байсан бол одоо системд бүртгэлтэй утасны дугаар дээрээ ямар нэгэн төлбөр хийлээ гэхэд түүний ebarimt автоматаар мэдээлэгдэнэ” гэж тайлбарлав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ