Хотод авчирсан гар бөмбөг 200 метрийн радиусыг хамрах чадалтай байжээ


Баянзүрх дүүргийн иргэн Э энэ сарын 26-нд зуслангийн газраасаа нийслэлд гар бөмбөг авчирсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрээр байлдааны хориглолтын гар бөмбөгийг тоглоом гэж андууран БЗД дэх гэртээ авчирсан байна. Гэхдээ цагдаагийн байгууллагад хандсанаар, тоглоом биш өөрийг нь төдийгүй орчин тойрныг нь дэлбэлэх аюултай байсныг мэджээ.
Тавдугаар 26-ны өдрийн 20.30 минутад цагдаагийн байгууллагад энэ мэдээллийг иргэн Э өөрөө өгсөн байна. Тэрээр зуслангийнхаа өвсийг хадаж байхдаа гранатыг олжээ.
Иргэн Э энэ тухайгаа “Гар бөмбөгийн татдаг хэсэг нь хөдөлчихсөн тасрахад бэлэн байсан. Магадгүй олон жил бороо шороонд байсан болохоор утас нь элэгдээд мултрахад бэлэн болчихсон байсан. Цагдаа нар хүрч ирээд амьд явах хувьтай л хүн юм гэж хэлсэн. Аюулгүй гэж бодож байсан ч албаныхан тэгж хэлэхэд ямар хэмжээний аюултай зүйлийг машиндаа тээвэрлэж ирснээ ойлгосон” хэмээн ярилаа.
ЦЕГ-ЫН ХМТ-ийн мэргэжилтэн М.Мөнхшүрээс энэ талаар тодруулахад, “Энэ сарын 26 буюу өнгөрсөн амралтын өдөр цагдаагийн байгууллагын 102 утсанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн 27 настай Э нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Яргайтын Богины амнаас гранатыг машиндаа тээвэрлэн авчирсан гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу жижүүрийн шуурхай удирдлагын бүрэлдэхүүн болон холбогдох Зэвсэгт хүчний байгууллага, Онцгой байдлын алба, Тагнуулын ерөнхий газартай хамтран уг ажиллагаанд шалгалтын үйл ажиллагаа явуулж байна. Хэргийн урьдчилсан мэдүүлгээр уг гранатыг авчрахдаа ямар нэгэн санаа зорилго байхгүй гэсэн байгаа. Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” хэмээв.
Онцгой байдлын аврах105-р ангийн ээлжийн бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчидтай хамтран ажиллаж гранатыг зэвсэгт хүчний 084-р ангийн захирагчаар ахлуулсан инженерийн бүлгийнхэнд хүлээлгэж өгсөн байна. Тус ангийнхан шаардлагатай арга хэмжээг авсан гэв.
Байлдааны гар бөмбөгийн талаар Зэвсэгт хүчний 084-р ангийн бүлгийн дарга А.Мөнхбат “Тавдугаар сарын 26-ны орой тус ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэгт Олимп хотхонд тэсрэх дэлбэрэх зүйл илэрлээ гэсэн дуудлага авсан. Манай бүлэг Олимп хотхонд очиж "Лексус" маркийн автомашины шалан дээр гар бөмбөг байсныг олоод түүнийг авч явж үүргийнхээ дагуу зориулалтаар нь устгасан байгаа” хэмээн мэдээллээ.
Дээрх гар гранатыг Яргайтын богины амнаас олсон гэж байна. Харин иргэд хаа нэгтээгээс ийнхүү зэвсгийн шинжтэй зүйл олбол сонирхож авах нь таны болон бусдын амь насыг эрсдэлд оруулж байгааг анхаарч аюулгүй байдлаа хангах шаардлагатайг албаныхан хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ