Нийслэл хоёр дагуул хот, найман дэд төвтэй болно

Нийслэл хоёр дагуул хот, найман дэд төвтэй болно

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралданаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.

Хуулийн төслүүдэд нийслэлийн дагуул хот, дэд төвүүдэд шилжин байршиж, байнгын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, нийслэлийн дагуул хот, дэд төвүүдэд шинээр барьж ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн татвараас тодорхой хугацаагаа чөлөөлөх, жуулчны худалдан авсан бараанд ногдох НӨАТ-ыг буцаан олгох, дүүргийн төсвийг батлахдаа хүн амын тоо, нягтрал, эдийн засаг, нийгмийн цогцолборын онцлогийг харгалзан үзэх асуудлуудыг тусган боловсруулсан байна. Түүнчлэн НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагын бүс нутаг хариуцсан салбар, төлөөлөгчийн газар, олон улсын бусад байгууллагын байрлаж байгаа байрыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхөөр төсөлд тусгажээ. Ингэснээр нийслэлийн хэт төвлөрлийг сааруулж, олон төвт, суурьшлын оновчтой тогтолцоонд суурилсан хот байгуулах, дэд төв, дагуул хотуудыг хөгжүүлнэ хэмээн үзэж байгаа аж. Түүнчлэн >гадаадын жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг тодорхой тохиолдолд буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлснээр Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёлын төв болгох арга хэмжээг хэрэгжүүлэхэд үр нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна.

Нийслэлийн дагуул хотоор Багануур, Налайх дүүргийг зарлаж, нийслэлд Сэлбэ, Баянхошуу, Дамба, Яармаг гэх мэт найман дэд төвийг байгуулах юм байна. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хотын төвлөрлийг сааруулж, үйлдвэрүүдийг хотоос гаргахыг дэмжиж байгаа ч дагуул хот, дэд төвүүд рүү нүүн үйл ажиллагаа явуулах болсон аж ахуйн нэгжүүдийг 10-20 жилээр татвараас чөлөөлснөөс улсын төсвийн орлогод нөлөөлөх сөрөг зүйл гарч болзошгүй хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийлж байлаа. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат "Нийслэлдээ арьс шир боловсруулж, барилгын материалаа үйлдвэрлээд байж байгаа улс Монголоос өөр байхгүй. Тиймээс боловсруулах үйлдвэрүүдээ хотын төвөөс гаргах, нийслэл хотынхоо хэт төвлөрлийг сааруулахын тулд татварын бодлогоор зохицуулахаас аргагүй. Ингэж байж дагуул хот, дэд төв, хөдөө орон нутагт ажлын байр бий болж, хөгжих учиртай" гэлээ. Анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд татварын хөнгөлөлттэй холбоотой хуулиудын дагаж мөрдөх хугацааг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээр тогтоох тухай саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. Төсвийн байнгын хороо уг хуулийн төслүүдийг хэлэлцсэн тухай дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ