"Нисгэгчийн дуу" зохиогдсоны 50 жилийн ой тохиож байна


Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээний үеэр "Нисгэгчийн дуу" зохиогдсоны 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан уг дууг зохиосон урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, хормейстр, удирдаач хөгжмийн зохиолч Товуугийн Насанбуянг "Иргэний нисэхийн хүндэт ажилтан” тэмдгээр шагнажээ.
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн түүнд шагналыг нь гардуулахдаа “Нисэхтэй ажил, амьдралаа холбосон хүн бүрийн төдийгүй энэ салбараар үйлчлүүлэгч хүмүүсийн дуулах дуртай, сүлд дуу болсон энэхүү сайхан уран бүтээлийг төрүүлж, мөнхөлсөн танд салбарынхаа нийт хамт олны өмнөөс баярлалаа” хэмээн хэлсэн юм. Мөн МИАТ ТӨХК-ийн зүгээс түүнд хүссэн чиглэлдээ үнэ төлбөргүй нисэх эрхийн бичиг олгосныг тус компанийн захирал Д.Баттөр гардууллаа.
Нисгэгчийн тухай дуу зохиох гэж тэдэнтэй нөхөрлөж, хамт нисэж, бараг л онгоц барьж үзэж байсан түүний “Нисгэгчийн дуу” 2005 онд Буянт-Ухаагийн дэнжид гэрэлт хөшөөнд мөнхөрсөн билээ. Эгэл жирийн ажилчин явсан түүнийг их урлагт хөтөлж оруулсан багш нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав бөгөөд тэрээр “Иргэний нисэхийн хүндэт ажилтан” тэмдэгээ гардахдаа багшийнхаа хамт хүрэлцэн ирсэн юм. "Нисгэгчийн дуу"-г анх зохиогдоход хөгжмийн урлаг, нийтийн дууны нэрт төлөөлөгч Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Дашням олны зүрх сэтгэлд хоногштол дуулж амьдруулсан юм.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ