“Алтан хальс” кино наадам болно


“Алтан хальс Индепендент кино наадам”-ыг зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Монголд арт киног таниулах, монгол болон гадаадын уран бүтээлчдийн сэтгэлгээ, шинэлэг тал, авьяасыг нээн харуулж, кино урлагт шинэ уур амьсгал, шинэ давалгааг бий болгоход гол зорилго оршдог аж.
Тус наадам нь хүүрнэлт кино, хүүхэлдэйн кино, баримтат кино, эксперименталь кино зэрэг дөрвөн төрлөөр зохиогдох юм байна. Энэ жил гадаадын 55 орны 487, Монголын 27 бүтээл ирсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад бүтээлийн тоо эрс нэмэгджээ. Түүнчлэн уралдаант хэсэгт өрсөлдөхөөр шалгарсан 31 бүтээлийн 17 нь Монгол кино аж. Кино наадам ирэх зургаадугаар сарын 2-8-ны хооронд “iCinema” кино театрт зохиогдож, шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд танилцуулна. Түүнчлэн дараах шагналын эздийг тодруулахаар болжээ. Үүнд:
• Шилдэг монгол хүүрнэлт кино
• Шилдэг монгол хүүхэлдэйн кино
• Шилдэг монгол баримтат кино
• Шилдэг монгол эскпериментал кино
• Шилдэг гадаад хүүрнэлт кино
• Шилдэг гадаад хүүхэлдэйн кино
• Шилдэг гадаад баримтат кино
• Шилдэг гадаад эскпериментал кино
Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн доктор (PhD) Д.Цэнгэл, Бусаны олон улсын кино наадмын ази кино урлагийн хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү, Брисбейний олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, “Алтан хальс” холбооны тэргүүн, найруулагч С.Бямба, Кэмбрижийн олон улсын оюутны Уотерспрайт кино наадмын продюсер, IEFTA холбооны “Global Film Expression” кино хөтөлбөрийн захирал Бернадетт Шрамм нар багтжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ