Түлэгдэлтийн улмаас жилд 1000 гаруй донорын цус хэрэглэдэг


Өнөөдөр ЦССҮТ "Сар бүрийн 03- Цусаа бэлэглэх өдөр" арга хэмжээгээ ШШГЕГ-ын харьяа 429-р ангитай хамтран тэмдэглэлээ. Тус өдөрлөгт 429-р ангийн 40 гаруй албан хаагчид оролцож цусаа хандивласан байна. Энэ талаар тус ангийн захирагч бөгөөд Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дарга, хурандаа Б.Лхагважав хэлэхдээ “Манай ангийн хамт олон ЦССҮТ-ийн үйл ажиллагааг дэмжиж цусаа бэлэглэх хүмүүнлэгийн үйлст хамтран ажиллах уриалга гаргасан юм. Цаашид ч сайн үйлсийг дэмжин ажиллах болно” гэжээ.
Цусны донорын үйлсийг ард иргэдэд сурталчлах, ач холбогдол, хэрэгцээг ойлгуулах, эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох,амьдралын зөв дадал хэвшилтэй болгох зорилгоор 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн сар бүрийн 03-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон улс даяар тэмдэглэдэг болсон. Ингэснээр цусны донорын эгнээг өргөжүүлэх,цус цусан бүтээгдэхүүний нөөцийг сайжруулах, байнгын донор буюу жилд хоёроос гурван удаа цусаа өгдөг донорын тоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм.
Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсноос хойш цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хэмжээ гурав дахин өссөн сайн үзүүлэлт гарсныг тус төвийн захирал Н.Эрдэнэбаяр онцолсон байна. Тус үйл ажиллагааны хүрээнд донор Б.Түмэнжаргалыг “Мөнгөн донор”, донор Ш.Цогтхишигийг “Хүрэл донор”-оор тус тус өргөмжилж, “Бахархал -10” тэмдгээр донор Б.Ганпүрэв, “Бахархал-20” тэмдгээр донор Ж.Намжилмаа, “Бахархал-30” тэмдгээр донор Д.Эрдэнэбат нарын тус тус шагнаж урамшуулсан аж. Цусны донорын талаарх тоо баримтыг дурдахад:
-Түлэгдэлтийн улмаас жилд 1000 гаруй донорын цус хэрэглэдэг.
-Нэг хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд 100 хүнээс бэлэглэсэн цус хэрэглэдэг.
-Төрөхийн хүндрэлээс болж цус алдсан ээжүүдэд 5000 нэгж цус шаардлагатай болдог.
-Монгол Улсад осол гэмтлийн улмаас 5000 гаруй донорын цусыг жилд хэрэглэдэг.
-Манай улсад 1000 хүний 15 нь цусаа өгч байж улсынхаа цусны бүх хэрэгцээг хангана.
-Цус, цусан бvтээгдэхvvн дутагдсанаас дэлхий дахинд жил тутам 500 мянга гаруй хvн амь насаа алдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ