Өнөөдөр дэлхийн байгаль хамгаалах өдөр

Өнөөдөр дэлхийн байгаль хамгаалах өдөр. Бидний өвөг дээдэс эртнээсээ байгалиа хайрлан хамгаалах уламжлалаа төрийн бодлогодоо тусган хэрэгжүүлж байсан ард түмэн.

Монголчууд эрт дээр цагаас байгаль хамгаалах,байгалийн баялгийг ариг гамтай ашиглах, нөхөн сэргээхэд ихээхэн анхаарч төрийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болгож холбогдох хууль цаазын бичигтээ тусгасаар ирсэн баялаг уламжлалтай билээ. Эдгээрээс тойм төдий дурдахад “Их засаг” хууль “Алтан хааны цааз”, 164O оны Ойрад цааз, ”Халх журам зэрэг сурвалж бичгүүдэд байгаль хамгаалах асуудлыг тодорхой заалтуудаар зохицуулж байжээ.

Эзэн богд Чингис хааны “Их Засаг” хуульд газар,ус,бэлчээрийг зохистой ашиглах, байгалийн хэв, онгон төрхийг хадгалах, ариун тунгалаг байлгах асуудлыг монгол төрийн бодлогын түвшинд гаргаж хуульчилсан байдаг.

Түүнчлэн шашны сургаалийг байгаль хамгаалахад ихээхэн ашиглаж байсан нь сүсэг бишрэл ихтэй монголчуудын хувьд цаг үеэ олсон зөв арга байсан талаар манай эрдэмтэн мэргэд тэмдэглэн үлдээсэн байдаг. Үүний сонгодог тодорхой жишээ бол 13-р зууны үеийн шашин төрийн хууль цаазын бичиг “Арван буянт номын цагаан түүх” юм.

Монголчуудын байгаль орчинтой харьцах энэхүү уламжлал нь байгаль орчныг хамгаалах сэтгэлгээг хувь хүнд төлөвшүүлэх хүмүүжлийн өвөрмөц арга болж монголын хүн амын ихэнх хэсгийн дотор эдүгээг хүртэл уламжлагдан иржээ.

Ингэж өвөг дээдэс минь газар нутгаа хайрлан хамгаалж байжээ. Гэтэл одоо Монголд уул уурхайн салбарыг хөгжүүлэх нэрийн дор гадаадын болон өөрийн олон компаниуд ашигт малтмалыг олборлож байгалийн нөхөн сэргээлтийг орхигдуулж эх орныхоо байгалийг сүйтгэсээр байна. Байгаль орчин, ой мод, гол усыг бохирдуулсан, сүйтгэсэн иргэн, аж ахуйн байгууллагатай хариуцлага тооцох систем тодорхойгүй байна.

Монголын эрх баригчид сүүлийн арав гаруй жил харийнханд газар нутгийнхаа ашигт малтмалын лицензийг хавтгайруулан өгсөөр эдүгээ тоогоо алджээ. Иймд байгаль хамгаалах хуулиа өөрчлөх, хариуцлагын тогтолцоогоо бий болгох, ёс заншил, уламжлалт соёлоо сэргээх асуудал өнөөгийн тулгамдсан асуудал болоод байна.

Монгол үндэстэн, ухаант өвөг дээдэс минь газар нутгаа нүдний цөцгий мэт дархлан хамгаалж, газар хөндөх, амьтан хөнөөх, мод огтлох, цэцэг ногоо тасдах, гол ус рашаан бохирдуулахыг хатуу цээрлэж, уул усаа догшруулахаас сэрэмжлэн уул овоогоо тахин шүтэж байсан баялаг уламжлалтай ард түмэн гэдгийг бид мартах ёсгүй.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ