Багш, мэргэжилтнүүдэд зориулсан ёс зүйн сургалт эхэллээ


ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академитай хамтран нийгмийн шинжлэх ухааны салбарын багш, мэргэжилтнүүдэд зориулсан ёс зүйн хичээлийг заах арга зүйг сайжруулах сургалтыг өнөөдөр эхлүүллээ.
Сургалтыг ЮНЕСКО-гийн ёс зүйн хөтөлбөрийн эрдэмтэн, судлаач багш нар удирдан явуулж байна. Энэхүү дөрвөн өдрийн сургалт нь их, дээд сургуулийн нийгмийн шинжлэх ухааны багш нарын ёс зүйн боловсролын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, багшлах арга зүйг сайжруулах зорилготой юм.
ЮНЕСКО нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбооны салбаруудад ёс зүйн тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх үүрэг хариуцлага хүлээдэг. Энэ хүрээнд нийгмийн шинжлэх ухааны салбарын ёсзүйн хөтөлбөрийн дагуу багш нарт зориулсан ёс зүйн сургалтыг зохион байгуулж гишүүн орнуудаа уриалан дэмжлэг үзүүлдэг билээ.
Монгол Улсад тус сургалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд үүний өмнө 2016 онд явуулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ