Г.Баясгалан: Ч.Сайханбилэг маргааш хагалгаанд орно

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн бие муудаж, өчигдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүргэгдсэн. Түүний биеийн байдлын талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Г.Баясгалан мэдээлэл өглөө.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн биеийн байдлын талаар тодруулахгүй юу?

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр манай эмнэлэгт ирсэн. Мэс заслын эмгэгтэй байгаа. Түүнийг үзэн шинжилгээнүүд хийгдэж байгаа. Мэс засал хийгдэх байх.

-Ямар оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна?

-Оношны тухайд яаралтай журмаар хагалгаанд орох шаардлагатай. Хувь хүний эрүүл мэндийн нууц учраас ийм оноштой гээд улс орон даяар зарлаад байх боломжгүй.

-Биеийн байдал нь ямар байгаа вэ?

-Биеийн байдал нь бүр хүнд биш ч мэс засал хийгдэж шаардлагатай байгаа.

-Түүндхэзээ мэс засал хийх вэ?

-Маргааш өглөө.

-Мэс заслын дараа хэд хоног хэвтэн эмчлүүлэх шаардлагатай вэ?

-Тухайн хүний биеийн байдлаас болно.

-Ерөнхий сайд асан С.Баяр хэвтэн эмчлүүлж байгаа. Түүний биеийн байдал ямар байгаа бол?

-С.Баяр даргын бие сайжирч байгаа. Архаг өвчин учраас тодорхой хэмжээнд эмчилгээ үргэлжлүүлэн хийх шаардлагатай байгаа.

-Түүнд хэдэн төрлийн эмчилгээ хийж байгаа вэ?

-Би тоолоогүй.

-Тэрээр хэзээ эмнэлгээс гарах бол?

-Яг тэдэнд гэж хугацаа хэлэх боломжгүй.

Дашрамд дурьдахад, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээний асуудлаар АТГ-аас саатуулан шалгаж буй. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр саатуулан хорьж, дахин хугацааг нь сунгасан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ