Сая жуулчин авъя гэвэл нэг жуулчинд ч бүү гар хүр!

Монгол Улс жилд сая жуулчин хүлээж авах нөхцөлийг бүрдүүлсэн тухай мэдээлэл саяхан гарч байсан. Ингэж зорьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ сая жуулчин авах гэж байгаа бол нэг жуулчинг хүндэлхээс л эхэл гэж хэлье.

Эх орны минь онгон дагшин үзэсгэлэнт байгаль, сүрлэг алтайн уулс, нүүдэлчин түмний өнө эртний соёлтой танилцах аяллыг сонгосон гадны эрхэм зочид Монгол Улсад дахин хөл тавих хүсэл тээсээр нутаг буцах сэтгэгдлийг төрүүлэх явдал юу юунаас чухал билээ.

Түүнээс ирсэн хэдээ пургон машинд суулгаж аваад л хэдэн зуун км сэгсчүүлсний эцэст хогонд дарагдсан Эрдэнэзуу хийдээ үзүүлсэн болж, хэдэн долоо хоног ч солиогүй байж мэдэх тосонд хайрсан хуушуур амтлуулсныгаа “Монголчуудын үндэсний хоол” хэмээн гудийх ч үгүй залчихаад Хөвсгөл далайн эрэгт дэрдгэнэсэн майханд хонуулж аваад тэндээсээ урагшлан өмнийн говь руу довтолгон мөс нь хайлсан Ёлын амыг үзүүлснийгээ аялал жуулчлал хэмээвэл инээдтэй хэрэг.

Гэвч бодит амьдрал дээр Монголд хөл тавьсан гадны жуулчдын 10 хүрэхгүй хувь нь үзэж харсан зүйлдээ сэтгэл хангалуун байж, үлдсэн 90 хувь нь ярвайсаар онгоцонд суудгийг нь холбогдох албаныхан мэддэг болов уу. Эсвэл мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлдэг юм уу.

Хөтөч, тайлбарлагч, ариун цэврийн байгууламжийн асуудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжилтнүүдийн ур чадварын тухайд манай улс аялал жуулчлал хөгжсөн орнуудын адагт нь явааг хэлүүлэх юун. Жилд аялал жуулчлалын мэргэжлээр хэдэн зуун хүн их, дээд сургууль төгсч байгаа ч тэднээс шалгуур хангасан, мэргэжлээрээ ажиллаж байгаа нь тун цөөн.

Мөн ирсэн зочин гийчнээ дээрэмдэх, эд зүйлсийг нь хулгайлах явдал сүүлийн үед хэрээс хэтэрлээ. Гадаадын иргэд байрладаг “Улаанбаатар”, “Баянгол”, “Туушин” зэрэг томоохон зочид буудал, үзвэр үйлчилгээний газруудад жуулчдыг ганц нэгээр болон хэсэг бүлгээрээ даган эд зүйлсийг нь хулгайлдаг, орой үдшийн цагаар дээрэмддэг. Үнэхээр ичмээр. Саяхан л гэхэд гэрэлт гудамжинд явж байсан жуулчинг монголчууд зодож, дээрэмдсэн хэрэг гарсан. Энэ мэтчилэн Монголын сайхан орныг зоригч жуулчдыг үргээсээр байх уу?

Жуулчдын аюулгүй байдал хаачив аа? Аман дээрээ сая жуулчин хүлээж авна, жуулчдад таатай орон болно хэмээн сүржин сүржин уриа лоозон хэлдэг боловч амьдрал дээр энэ нь хэрэгжихгүй байна шүү дээ. Иймд эхлээд жуулчдыг Монголд аялахад айх айдасгүй, эмээх зүйлгүй, тав тухтай орчинг бүрдүүлэх нь чухал болоод байна. Сая жуулчин авъя гэж байгаа бол нэг жуулчинд ч зөвшөөрөлгүй бүү гар хүр.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ