"Хүүхдүүдийн 80-85 хувь нь хамгаалалтын бүс бүслээгүйгээс осолд өртсөн байна"


“Эрүүл хотуудын түншлэл” санаачлагын хүрээнд хэрэгжиж буй “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Энэхүү төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дэмжин ажиллаж байгаа төдийгүй нийслэл хотын иргэдийн халдварт бус өвчин, осол гэмтлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа чухал санал санаачлага юм.
Төслийн нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Халдварт бус өвчний Дэлхийн элч, Нью-Йорк хотын Засаг дарга асан Майкл Блүүмбергийн санаачлагаар эхэлсэн “Эрүүл хотуудын түншлэл”-д Улаанбаатар хот нэгдэн орсон билээ.
Халдварт бус өвчин, осол гэмтлийн эрсэл хүчин зүйлст өртөхөөс урьдчилан сэргийлэх 10 төрлийн бодлогын ажлаас хамгаалах бүс, хамгаалалтын малгайг хэвшүүлснээр зам тээврийн ослыг бууруулах төслийн ажлыг сонгон авч хэрэгжүүлж байна. Нийслэлийн иргэд та бүхнийг автомашинаар зорчихдоо хамгаалах бүс, хамгаалалтын малгайг тогтмол хэрэглэж хэвшихийг уриалж байна. Та бүхний идэвх санаачлага төслийг амжилттай хэрэгжихэд дэмжлэг болохоос гадна та бүхний болон таны хайртай дотны хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах болно” гэлээ.
Манай улсад сүүлийн 10 жилийн байдлаар зам тээврийн осол 6.6 дахин өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 94.4 хувь нь нийслэлд, 5.6 хувь нь орон нутагт бүртгэгдсэн гэсэн албан ёсны мэдээлэл байдаг.Дээрх өсөлтийг энгийн арифметик тооцооллын аргаар бодож үзэхэд, 2020 он хүртэл зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 2015 оноос 3,9 дахин, бүртгэгдсэн зам тээврийн осол 3 дахин өсөх магадлалтай байна.Төслийн хүрээндхийсэн судалгаагаар зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч 93.8, жолоочийн хажуугийн суудалд суудаг зорчигчийн 73 хувь нь хамгаалах бүсээ бүсэлдэг бол тээврийн хэрэгслийн арын суудалд суудаг зорчигчийн 82-87 хувь нь бүс бүсэлдэггүй гэсэн судалгаа гарчээ.
2017 оны байдлаар зам тээврийн осолд өртөгсдийн 76 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 4 хувь нь хэрэглэсэн эсэх тодорхойгүй амь насаа алдсан, 20 хувь нь суудлын бүс хэрэглээгүй байсан байна.
Мөн өнгөрсөн онд 55 хүүхэд осолд өртөж амь насаа алдсанаас 47 хүүхэд суудлын бүс хэрэглээгүй, эцэг эх асран хамгаалагчтай цуг авто машинд зорчиж яваад орон нутгийн замд амиа алдсан байна. Тиймээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах бүсийг хэрэглэж хэвшүүлэх нь энэхүү төслийн гол зорилго юм.
ЦЕГ-ын ЗЦА-ны дарга хурандаа Д.Амарсайхан “Улаанбаатар хотод бүртгэлтэй авто машины тоо сүүлийн жилүүдэд өсөж байна. Үүнийг дагаад зам тээврийн осол өсөх хандлагатай байгаа энэ үед хамгаалах бүс, хамгаалах малгайг хэрэглэж хэвшүүлэх энэ төсөл хэрэгжиж байгаад талархаж байна. Хамгаалах бүс, хамгаалах малгайг хэрэглэх нь таны амь насыг хамгаалах, эрүүл мэндээр хохирохгүй байх өндөр ач холбогдолтой.
Судалгаанаас харахад авто машинд зорчиж байгаа хүүхдүүдийн 80-85 хувь нь зориулалтын суудалд суулгаагүй, хамгаалалтын бүс бүслээгүйгээс зам тээврийн осолд өртсөн байна. Та дэргэдээ хайртай дотны хүнтэйгээ яваа гэдгээ үргэлж санаж, өөрөө болон хамт зорчиж буй зорчигчдоо хамгаалалтын бүс хэрэглэхийг сануулаарай” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ