Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт элэг тайрах хагалгаа хийжээ

Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт элэг тайрах хагалгааг анх удаагаа хийжээ. “Хавдрын эсрэг хамтдаа” үндэсний аяны хүрээнд элэгний хорт хавдартай 48 настай эмэгтэйд хийсэн хагалгаа гурван цаг үргэлжилж, амжилттай болжээ.

Хагалгаанд орсон өвчтөн хагалгааны өмнөх өдөр томографын шинжилгээгээр 6-7 см орчим хавдартай болох нь оношлогджээ. Мөн эмч нарын үзлэгээр мэс засал хийн хавдартай хэсгийг тайрч авах боломжтой гэсэн хариу гарсан аж.

Мэс засалд орсон өвчтөний элэгний 35 орчим хувийг тайрсан. Өвчтөний биеийн байдал сайн байгааг Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, доктор, профессор Ж.Чинбүрэн тайлбарласан юм. Увс аймаг нь улсын хэмжээнд элэгний хорт хавдрын тохиолдол хамгийн ихтэй аймаг аж.

Тиймээс тус аймгийн иргэдийг зөвхөн эмч, эмнэлэгт найдах бус хорт хавдраас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн өвчлөлийн үзлэг шинжилгээнд байнга хамрагдаж байх хэрэгтэйг профессор Ж.Чинбүрэн онцолж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ