Актлагдсан вагонууд оруулж ирсэн "айхтар" эрхмүүдийг хэрхэх вэ?

Зам Тээврийн Хөгжлийн дэд сайд, “УБТЗ” ХНН-ийн хамтарсан зөвлөлийн Монгол талын дарга Б.Цогтгэрэлийн тушаалаар актлагдсан 1000 вагон ОХУ-аас оруулж ирэх гэрээ хийсэн талаар сүүлийн үед яригдаж буй. Тодруулбал, энэ сарын 4-ны өдөр Улс төрч хэвлэл мэдээллийн байгууллагын ТУЗ-ийн дарга Б.Ганзориг “Улаанбаатар төмөр зам ХНН нь 977 вагоныг худалдаж авсан байдаг. Харин эдгээр нь ОХУ-д 1992-1995 онд үйлдвэрлэгдсэн, 20 гаруй жил үйлчилгээнд яваад дахин ашиглах боломжгүй хэмээн актлагдсан вагонуудыг Монголд оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл төмрийн хогонд гарахад бэлэн болсон вагонуудийг Монгол руу шинэ вагоны үнээр шахсан юм. Уг вагонуудыг одоо Монголд ашиглаж байна” гэх мэдээллийг өгсөн.

Харин энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Зам Тээврийн Хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ тайлбар хийж, ийм хариуцлагагүй явдал болсныг хүлээн зөвшөөрчээ. Тодруулбал тэрээр “Актлагдсан 1000 вагон орж ирсэн нь үнэн. Өөрөөр хэлбэл, ОХУ-даа ашиглагдах боломжгүй гэж үзсэн вагонуудыг оруулж ирсэн гэсэн үг. Гэхдээ энэ нь дэд сайдын хийсэн ажил гэхээсээ илүү тухайн үеийнх нь сайдын шийдвэр. Тэгэхээр актлагдсан 1000 вагон авсан асуудал Б.Цогтгэрэлд биш Д.Ганбатад хамаарна” гэжээ.

Угтаа Зам тээврийн яамнаас 2014 онд баталсан журамд зааснаар импортоор оруулж ирэх ачааны вагон нь үйлдвэрлэгчээс тогтоосон ашиглалтын хугацааны 3/1-ээс хэтрээгүй байх ёстой, үүнийг төмөр замын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж байгууллагууд мөрдөх үүрэгтэй. Ачааны вагоны үйлдвэрлэгчээс тогтоосон ашиглалтын хугацаа 22 жил байдаг, тэгэхээр 7-8 жилийн настай вагон оруулж ирэхийг зөвшөөрсөн гэсэн үг. Гэтэл 1992-1995 онд үйлдвэрлэгдээд 22-27 жил ашиглагдсан, өөрөөр хэлбэл ашиглалтынх нь хугацаа дуусч актлагдсан вагонууд оруулж ирсэн нь дүрэм журмаа зөрчсөн үйлдэл юм.

Бодлогын түвшинд баталсан журмыг зөрчөөд, актлагдсан вагон оруулж ирээд байхад яам таслан зогсоохын оронд өөрөө бүх вагонуудад номер дугаар олгоод гэрчилгээжүүлээд тээвэрлэлтэд оролцуулах зөвшөөрөл олгосныг юу гэж ойлгох вэ? Энэ бол тодорхой зохион байгуулалттай, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг этгээдүүдийн ил цагаан хулгай дээрэм юм гэх бор шувуу ч нисэж байна. Мөн хууль зөрчин оруулж ирсэн эдгээр вагонуудаа Зүүн-хараагийн вагон засварын депод вагон бүрийг 3-4 сая төгрөгөөр засуулан асар их үргүй зардал гаргасан гэх.

Уг нь төмөр замын тээвэрт галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг нэг номерийн асуудал байдаг. Муу замтай, дээрээс нь шаардлага хангахгүй олон вагонууд төмрийн хүдэр ачаад тээвэрт явахаар ноцтой осол сүйрэл гарахгүй гэх баталгаа хаана байгаа юм бэ. Д.Жигжиднямаа, ЗТХЯ-ны дэд сайд Б.Цогтгэрэл хоёр “хар толгойгоороо” хариуцах юм уу? Актлагдсан вагонтой холбоотойгоор ямар нэгэн асуудал үүслээ гэхэд үүний хариуцлагыг жирийн ажилчид болох төмөр замчид л үүрнэ.

Иймд энэ асуудлыг хуулийн байгууллагаас маш сайн шалгаж, эзнийг нь олж тогтоон, хариуцлага тооцох шаардлагатай байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ