Жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр бүсчилсэн сургалт болж байна

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг энэ сарын 6-10-нд Дорнод аймагт ажиллаж, “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ болон Жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр бүсчилсэн сургалт зохион байгуулж байна. Ажлын хэсэгт ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтэс, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга нарыг оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, хүний эрхийн сургалт, хяналт шалгалт явуулж, үнэлгээ мониторинг хийж байгаа аж.

Ажлын хэсэг энэ сарын 11-14-нд Хэнтий, 15-20-нд Сүхбаатар аймагт ажиллаж, “Хүний эрхийн нээлттэй өдөр” өдөрлөг, аймгуудын төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудад “Жендэр ба хүний эрх” бүсчилсэн сургалтыг зохион байгуулах юм байна.

Хүний эрхийн үндэсний комисс НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөлөөс 2018-2021 онд хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн “Төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх” 3 дахь үр дүнгийн ажлыг хариуцан гүйцэтгэж байна.

Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэх үзүүлэх, төрийн байгууллагад жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, хүний нөөц, жендэрийн асуудал эрхэлсэн ажилтнуудын жендэр ба хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэх зорилготой энэхүү сургалт, төсөлд аймаг бүрээс 20 хүн хамрагдаж сургагч багшаар бэлтгэгдэх аж. Тэд ажиллаж, аж төрж буй аймаг, сум, багийнхаа төрийн захиргааны байгууллагуудад жендэрийн тэгш байдлын асуудлаар бие даан сургалт явуулах арга зүй, аргачлалд суралцах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ