Зөрчилтэй айлуудад зам тайлбай чөлөөлөх шаардлага хүргүүлэв

Иргэд дур мэдэн хашаагаа сунгаж гудамж хоорондын замыг нарийсгадаг, зам тагладаг байна. Үүнээс болж галын болон түргэний машин цаг алддаг. Иргэдийг гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд зөрчилтэй айлуудад зам талбай чөлөөлөх шаардлага хүргүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Ар согоотын нэгдүгээр гудамжны76 тоотод оршин суух айл зам хаан буужээ. Өөрөөр хэлбэл, энэ хэсгээр галын болон яаралтай тусламжийн машин явах боломжгүй болсон юм. Удаа дараа шаардлага тавьсан ч хашаандаа олон айл амьдардаг, нүүх газаргүй, газрын зөвшөөрлөө хөөцөлдөж байгаа гэхчлэн шалтаг тоочсоор өдийг хүрчээ.

Өөрсдийгөө болоод бусдыг эрсдэлд оруулж байгаагаа гэрийн эзэд хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ бол зөрчилтэй айлуудын зөвхөн нэг жишээ юм. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд гэхэд гудамж нарийсган хашаагаа татсан, зам хаасан, өндөр хүчдэлийн дор буусан 30 гаруй айл байна.

Зөрчилтэй айлуудад зам тайлбай чөлөөлөх шаардлага хүргүүлжээ

Нийслэлд гарч байгаа обьектын галын дийлэнх хувь нь гэр хороололд гардаг. Чингэлтэй дүүрэгт гэхэд энэ оны эхний хагас жилийн байдлаар нийтдээ 76 удаагийн обьектын түймэр гарсны 18 тохиолдол нь 19 дүгээр хорооны нутагт гарчээ. Тиймээс гудамж чөлөөлөх ажлыг энэ хорооноос эхлүүлж байгаа юм. Галын үед хэдий чинээ богино хугацаанд очно тэр хэрээр хохирол багасдаг. Ахуйн гал түймрийн дийлэнх нь иргэдийн хайхрамж, болгоомжгүй үйлдлээс болдог.

Ийнхүү зөрчилтэй өрхүүдэд өгсөн хугацаатай шаардлагыг биелүүлэхгүй бол шат дараатай арга хэмжээг авч газрын албатай хамтран албадан нүүлгэх ажлыг зохион байгуулах талаар албаныхан дуулгав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ