Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээр нууц санал хураалт явуулж байна


Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын саналыг хэлэлцэж байна. Халдашгүй байдлын дэд хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж танилцууллаа. Тэрээр "Дэд хорооны гишүүд прокурорын саналыг 100 хувь дэмжсэн" гэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэнийг юу ч гэж ярьж гүтгэдэг болсон цаг. Тиймээс хэвлэлээр гарсан мэдээллийг баримт болгон үзэж болохгүй" гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Дэд хороон дээр таван хүн нэг саналтай байсан. Гэмт хэрэгт холбогдсон бол түдгэлзүүлэх, түдгэлзүүлээд буруутай нь тогтоогдсон тохиолдолд эгүүлэн татах хуулийн зохицуулалттай. Түдгэлзүүлээгүй тохиолдолд УИХ-ын гишүүнийг цагдан хорих эрхгүй. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Дэд хорооны хурал үнэхээр хүнд болсон. Уг нь энэ хурлыг хаалттай явуулах ёстой байсан юм. Нэгдүгээрт, мөрдөн байцаалтын нууцтай холбоотой, хоёрдугаарт хувь хүний болон гэр бүлийн нууцтай холбоотой асуудал бий" гэв. Улмаар Ц.Нямдорж гишүүн хаалттай санал хураалт явуулах санал гаргасны дагуу хайрцгаар нууц санал хураалт явуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ