Экс сайдууд суллагдаж, ичгүүргүй гишүүд үлдсэн 7 хоног


Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
Улстөрд
“ШХАБ-т элсэх асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдье" гэв
Хөдөлмөрийн Үндэсний Намаас Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэх асуудлаар мэдээлэл хийлээ. ХҮН-ын дарга Б.Найдалаа “Бидний зүгээс ШХАБ-ын үйл ажиллагааг дүгнэх, сайн муу гэж ялгах зорилгогүй. Хамгийн гол нь Монгол Улсын 50 магадгүй 100 жилийн хөгжлийн замыг тодорхойлох энэ асуудлыг маргалдсаар байгаад, үндэсний зөвшилцөлд хүрч чадалгүй цөөхөн улстөрчид хаалттай хуралдаанаар шийдвэрлэх нь осолтой. Тиймээс Үндсэн хуульд заасны дагуу ард нийтийн санал асуулгыг хийе" гэв.
Х.Баттулга: “МТЗ”-тай дүйцэхүйцтөслийг хэрэгжүүлмээр байна
“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд Төрийн ордны Их танхимд Эдийн засгийн чуулга уулзалт боллоо. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бид ОХУ-тай хоёр талын болон гурван талт идэвхтэй, эрчтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсч байна. Хоёр талын хамтын ажиллагааны тухайд “Улаанбаатар төмөр зам”-тай дүйцэхүйц томоохон 1 – 2 төслийг эхний ээлжинд хэрэгжүүлмээр байгаа юм. Оросын хөрөнгө оруулалт, технологиор мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг байгуулан Орос, Евразийн эдийн засгийн холбооны стандартад нийцсэн бүтээгдэхүүн экспортолж гаргах бүрэн боломж бидэнд бий” гэлээ.
С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавив
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэгийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих прокурорын хүсэлтийг хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, прокурорын хүсэлтийг хангаж, тэднийг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоолоо. Ингэснээр тэднийг хилийн хориг тавьж гадуур байцаахаар болсон юм.
Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзав
УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Халдашгүй байдлын дэд хороо 100 хувийн саналаар тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Харин Хууль зүйн байнгын хороо тэдний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол Төрийн байгуулалтын байнгын хороо Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзаж, Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн юм.
Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Нийгэмд
"Шинжээч эмч нар бусдаас мөнгө аваад худал дүгнэлт гаргаад сурчихаж"
Шүүх эмнэлгийн есөн эмчийн дүгнэлт буруу гарсан талаар иргэн Ц.Наранцэцэг, А.Эрдэнэбилэг нар мэдээлэл хийлээ. Хуульч А.Эрдэнэбилэг "Өнөөдөр аль нэг таньдаг шинжээч эмчдээ мөнгө өгөөд худлаа дүгнэлт гаргуулаад хүнийг гэмт хэрэгтэн болгодог ийм тогтолцоо Монголд нүүрлэчихсэн байна. Захиалгаар худлаа дүгнэлт гаргадаг эмч нар өнөөдөр Шүүх эмнэлгээр дүүрчихэж.
Нийт 30 эмч нарын ес нь худлаа дүгнэлт гаргачихаад байна. Би эдгээр эмч нарыг энэ долоо хоногт багтаан цагдаад мэдэгдэнэ. Энэ асуудлыг би хэзээ ч орхихгүй, тууштай тэмцэнэ" гэв.
Улаанбаатар хот инновацийн төвтэй боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар нийслэл дэх гарааны бизнесүүдийг бойжуулах, шинэ санаа, инновацийг дэмжих, үйл ажиллагаагаа эхлүүлсэн гарааны бизнесүүдийн цаашдын хөгжилд үзүүлэх зорилт бүхий Инновацийн төвийн нээлт боллоо.Мэдлэгт тулгуурласан, инновацийн технологи бүхий үйлдвэрлэл үйлчилгээ нь тогтвортой хөгжлийн гол хүчин зүйл болж буй өнөө үед Монгол Улсад анх удаа инновацийн төв байгуулагдаж байгаа нь шинэ залуу энтрепренэрүүд, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих хамгийн үр дүнтэй арга болж байгаа юм.
Дэлхийд
Гватемалын дэлбэрэлтэд 82 хүн амь насаа алджээ
Гватемал улсад Фуэго галт уул дэлбэрснээр амь үрэгдсэн хүний тоо наад зах нь 82-т хүрээд байна гэж EFE агентлаг мэдээлжээ. Өнгөрсөн ням гарагт галт уулын хайлмаг лав урсаж орж ирсэн Сан-Мигель-Лос-Лотес тосгонд эрлийн ажил явуулах үеэр лхагва гарагт зургаан хүнийг цогцос олсон байна.
Трамп Ким Чен Уныг АНУ-д урихаар амлав
Хэрвээ Сингапурын дээд хэмжээний уулзалт амжилттай болвол Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Чен Уныг АНУ-д урихад бэлэн байна. Тэрээр Цагаан ордонд Японы ерөнхий сайд Шинзо Абэтай хамтран хийсэн хэвлэлийн хурал дээр ингэж мэдэгджээ.
Путин дэлхийн гуравдугаар дайны тухай юу гэж хэлэв
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр төв телевизийн суваг, радиостанцуудын шууд нэвтрүүлгээр иргэдтэйгээ 16 дахь удаагаа ярилцав. Тус орны оршин суугчид бензиний үнэ, гадаад бодлого, анагаах ухаан, боловсролын асуудлыг сонирхож байлаа.Путинд хандаж 2 сая гаруй асуулт тавьсан байна. Бүх асуултад дүн шинжилгээ хийж, нягтлан боловсруулна гэж ерөнхийлөгч Оросын иргэдэд батлан илэрхийлжээ. Үргэлжлэлийг 10070922 уншина уу.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ