Малын эрүүл мэндийн эргэн мөшгих системийг танилцуулна


ХААИС-ийн төв байранд өнөөдөр 14 цагт малын эрүүл мэндийн эргэн мөшгих системийг танилцуулна.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнд мал эмнэлгийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор Швейцарын хөгжлийн агентлаг, Мал эмнэлэг, үржлийн газартай хамтран “Малын эрүүл мэндийн эргэн мөшгих систем” нэвтрүүлжээ.
Туршилтын төслийг 2017 онд эхлүүлсэн юм. Энэ системийг 2018 онд Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Төв аймгийн сонгогдсон 15 суманд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Малын халдварт өвчнийг хяналтад авах, худалдааны хорио цээрт халдварт өвчингүй, тайван байдлыг хангах чиглэлээр Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Мал эмнэлэг, үржлийн газраас багагүй төсөв, хөрөнгө зарцуулдаг.
Гэвч малын гоц халдварт өвчний голомтын тоо нэмэгдэж, тархалтын хүрээ тэлсээр байна. Энэ нь мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмж, малын шилжилт хөдөлгөөний хяналт зарим нутагт хангалтгүй байгаатай холбоотой. Иймээс анхан шатанд хэрэгжүүлсэн мал эмнэлгийн бүх үйлчилгээг системд бүртгэн түүх үүсгэх, бүртгэсэн баримтад үндэслэн мал эмнэлгийн гэрчилгээ олгодог болох шаардлагатай.
Хэрэглэгчид эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч баталгаатай бүтээгдэхүүн худалдан авахыг эрмэлздэг болсон. Гэсэн ч худалдааны хорио цээрт халдварт өвчингүй, тайван нутаг дэвсгэрийг баталгаажуулан нийтэд зарлан мэдээлэх тогтолцоо манай улсад бүрдээгүй байна.
Хэрэглэгчид халдварт өвчингүй, тайван нутаг дэвсгэрээс бэлтгэсэн баталгаатай бүтээгдэхүүнийг тайван бус нутаг дэвсгэрээс бэлтгэсэн эрсдэлтэй бүтээгдэхүүнээс ялган таних боломжгүй байна. Энэ нь мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлдөг гол хүчин зүйл.
Малын эрүүл мэндийн эргэн мөшгих системийг нэвтрүүлснээр мал эмнэлгийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хэрэгжүүлж байгаа мал эмнэлгийн нэгж, байгууллагын ажлын үр дүнг баталгаажуулах, халдварт өвчингүй, тайван байдлаа тогтвортой хадгалж байгаа аймаг, сумд, нутаг дэвсгэрийг нийтэд мэдээлэх, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид болон хэрэглэгчдэд шаардлагатай мэдээлэл, баримт нотолгоог дэлгэх нөхцөл бүрдэнэ.
Энэ систем малын шилжилт хөдөлгөөнийг хянах, мал, амьтны халдварт өвчнийг тандах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг төлөвлөхөд шаардагдах мэдээллийн сан бүрдүүлэх, мал эмнэлгийн тайлан, мэдээ гаргах үйл ажиллагааг багтаасан цогц систем аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ