Хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Азийн хотуудын дарга нар чуулна


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар энэ сарын 18, 19-ний өдөр Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн форум “Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм.
Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум анх 2014 онд зохион байгуулагдаж байсан. Өндөр зохион байгуулалттай, үр ашгаа өгсөн форум болж өнгөрдөг. Энэ жилийн форумаар хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй дэлхийн өндөр хөгжилтэй хотууд хэрхэн тэмцэж буй туршлагаа хуваалцаж, бүс нутгийн хэмжээнд хамтран шийдвэрлэх асуудлаар санал солилцож, зөвлөмж гаргана.
Форумаас гарах шийдвэрийг төрийн болоод төрийн бус байгууллагууд, нийслэлийн иргэд хамтран хэрэгжүүлэх юм. Форумд нийт зургаан улсын 16 хотын дарга, удирдлагууд оролцох юм. Тодруулбал, ОХУ-ын Москва, Улаан-Үд, Чит, БНХАУ-ын Бээжин, Тенжин, Шинь-Ян. Чончун, БНСУ-ын Сөүл, Пусан, Тежон, Сувон БНАСАУ-ын Пхеньян хот, Японы Токио хотын удирдлагууд оролцох аж. Мөн Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Улаанбаатар хоттой хамтран ажилладаг Олон улсын байгууллагын төлөөлөл оролцох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ