"Эдийн засагчаар яахын, инженер болсон нь дээр"


Мэргэжил эзэмшинэ гэдэг сайхан ч өөрт хэрэгтэйг нь сонгоно гэдэг хамгийн чухал бөгөөд хэцүү байдаг. Түүнчлэн саяхан элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд, оноогоо харгалзан мэргэжлээ сонгох гэж буй дүү нартаа зориулан хэдэн зүйлсийг зайлшгүй сануулмаар санагдав.
Мэргэжлээ сонгохдоо сэтгэлийн хөөрлөөр биш, хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлийг, эсвэл өөрийн сонирхож байгаа мэргэжлийнхээ хүнтэй зөвлөлдөх, хувь хүний онцлог, чадвартай харгалзуулан сонгох хэрэгтэйг олон хүмүүс хэлдэг. Өөрөөр хэлбэл мэргэжлээ сонгоно гэдэг бол насан туршдаа идэх талхаа сонгож байна гэсэн үг. Та ямар талх идмээр байгаа, ямар хачиртай байлгах, хэр их байх гээд л бүх зүйл зөвхөн өөрөөс чинь хамаарах учраас мэргэжлээ зөв сонгох нь хамгийн чухал юм.
Ямар мэргэжил хамгийн ирээдүйтэй нь вэ?
Мэргэжил сонгоно гэдэг мэдээж амаргүй даваа. Монголд эрэлт ихтэй, насан туршдаа ажлын байртай байх мэргэжил олон бий. Тоон баримт сонирхуулахад ойрын таван жилдээ эрэлттэй байх мэргэжлүүд дотор Маркетингийн менежер, Мэдээлэл технологийн мэргэжилтэн, Өндөр зэрэглэлийн тогооч, Барилгын инженер, Авто барилгын инженер, Гоо сайхны мэс засалч, Уул уурхайн инженер, Архитектор, Геологич, Төслийн менежер зэрэг багтсан байна. Харин хөдөлмөрийн зах зээлд илүүдэлтэй байгаа мэргэжлүүд бол Хуульч, Эдийн засагч, Нягтлан бодогч, санхүү, Түүхч, философич, улс төр судлаач, Сэтгүүлч, нийгэм судлаач, бизнесийн удирдлага зэрэг багтжээ.
Иймд одоо мэргэжлээ сонгох гэж байгаа дүү нартаа зориулж доорхи зөвлөгөөг хүргэж байна.
- Мэргэжил сонгохдоо гардаг түгээмэл алдаа бол эцэг эхийн мэргэжлийг сонгох юм. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд хүүхдийнхээ хүсэл сонирхол, зорилгыг харгалзахгүйгээр өөрийн мэргэжлийг өвлөж ав хэмээн шууд тулгадаг асуудал байдаг. Багшийн хүүхэд багш, эмчийн хүүхэд эмч гэсэн хандлага. Үүнээс гадна гэр бүлд нэг эмч, нэг хуульч байх ёстой гэсэн хандлага одоо хүртэл оршисоор байна.
- Мэргэжлээ сонгохдоо өөрийн хүсэл сонирхлын дагуу сонголтоо хийх нь хамгийн чухал. Насаараа дургүй зүйлээ хийж амьдрснаас дуртай зүйл хийж амьдрах нь жаргал биш гэж үү. Магадгүй сонгосон чиглэлээсээ өөр чиглэлээр дахин суралцахад цаг хугацаа, мөнгө санхүүгээ дэмий үрсэн хэрэг гарах учраас сонголтоо зөв хийх ёстой. “Мэргэжилдээ хүсэл сонирхолтой эсэхийг судалсан” судалгаагаар амжилтанд хүрсэн ихэнх хүмүүс өөрийнхөө мэргэжлийн хүсэл сонирхол, нөөц боломжоо тооцоолж зөв сонгосон байдаг.
- Мэргэжил сонгохдоо найз нөхдийгөө “даган дууриадаг” байдал түгээмэл ажиглагддаг. Хэн нэгэн үлгэр дууриалал болсон найзыгаа дууриах, зөвөлгөөг дагах нь магадгүй ирээдүйдээ хийж буй томоохон алдаа ч байж болно.
- “Түгээмэл мэргэжил” сонгож алдаа гаргадаг. Өөрөөр хэлбэл тухайн салбарын мэргэжил нь нийгэмд нийлүүлэлт нь илүүдсэн мэргэжлийг сонгодог тохиодол байна. Багш, эмч, хуульч гэх мэт түгээмэл мэргэжилүүдээр төрийн болон хувийн ихэнхи их, дээд сургуулиуд олон төгсөгчдийг нийлүүлж байгаа болохоор түгээмэл мэргэжлээр аль болох татгалзах хэрэгтэй байна. Гэхдээ “мэргэжилдээ эзэн” болж чадна гэвэл ямар ч сургуульд ямар ч мэргэжлээр суралцах бүрэн боломжтой гэдгийг санахад илүүдэхгүй.
- Ерөнхий боловсролын сургуулиас салж хувийн ч хамаагүй их дээд сургуульд орж байвал боллоо гэсэн хандлагаасаа салах ёстой. Оюутан болно гэдэг бол таны амьдралд урсгалаараа болж байгаа нэгэн үйл явдал ч гэсэн усыг хаашаа ямар байдалтай урсгах вэ гэдэг таны сонголт учраас зөв сонголтыг хийх ёстой.
- Ямар мэргэжилтэй болж, ямар сургуульд суралцахаа эртнээс төлөвлөх ёстой. Төлөвлөнө гэдэг бол тухайн мэргэжлийнхээ талаар сайн судлана гэсэн үг. Аль болох олон хүнээс зөвөлгөө авч, мэргэжлийн хүнээс туслалцаа хүсэх хэрэгтэй. Гэхдээ олон хүний зөвөлгөөн дунд тойрч болохгүй.
- Аливаа мэргэжил хүн бүхнээс тодорхой авьяас чадвар, нөөц боломж, хувийн сэтгэл зүйн онцлогыг шаардаж байдаг учраас тухайн сонгож буй мэргэжилдээ өөрийгөө хэр тохирч байгааг нягтлаж үзэх хэрэгтэй. Сонгож байгаа мэргэжил маань сургуулиа төгссөний дараа юу үйлдвэрлэх, ямар чадвар шаардагдах, хэр амжилтад хүрч болохыг тооцоолвол бүр сайн.
- Та мэргэжлээ сонгосон бол дараа нь сургуулиа сонгох хэрэгтэй. Монголдоо тэргүүлэх мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудыг судлах хэрэгтэй. Сургуулийн мэргэжлийн боловсон хүчин, сургалтын төлбөр, материалаг бааз, суралцах орчин нөхцөл, мэдээлэл технологийн хангамж, сургуулийн гадаад харилцаа зэргийг анхаарч сонголтоо хийх нь чухал.
Нэмж хэлэхэд, залуучууд өөрийгөө сайн таньж мэдэж, судлах хэрэгтэй. Өөрийнхөө хүсэл сонирхол, ур чадвар, сэтгэл зүйн онцлог зэрэгт тулгуурлан, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг судалсны үндсэн дээр мэргэжил сонголтоо хийх нь чухал юм шүү.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ