Гэмт хэрэг огт гардаггүй тосгон

Румыны Эйбентал тосгоны оршин суугчид талх худалдаж авах шинэ арга сэджээ гэж TJournal сайтад бичсэн байна.

Эндхийн оршин суугчид талх, талхан бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой нэг аятайхан арга бодож олсон төдийгүй, хулгай зэлгээ байдаггүйгээрээ гайхуулдаг аж.
Уг тосгонд 90-ээд онд дэлгүүр хаагдсаны дараа оршин суугчид өөр газраас талх авчирч зардаг хүмүүсийг цонхоороо харж, шинэ талх авалгүй өнгөрөөчих вий хэмээн санаа зовдог болжээ.
Харин хэсэг хугацааны дараа иргэд тосгонд гэмт үйлдэл гардаггүйг анзаарснаар, талх авч байхын тулд жирийн хүнсний цүнх хэрэглэхээр шийдсэн байна.

Тосгоны оршин суугч эмэгтэйн ярьснаар, тэрээр тосгонд авчирч борлуулдаг талхыг 15 жилийн турш худалдан авч байгаа ажээ.
“Талх борлуулдаг хүн хоёр өдөр болоод л талх авчирдаг. Би 4-5 ширхэг дөрвөлжин талх авдаг юм. Гэрийнхээ ойролцоо өлгөчихдөг цүнхэндээ би хэдэн талх авахаа бичиж, мөнгөө хийчихдэг. Тэгээд талх борлуулдаг хүн талх, хариулт мөнгийг үлдээдэг юм” гэж тэр эмэгтэй ярьсан байна.
"Энэ хугацаанд хэний ч мөнгө болон талх алга болж байгаагүй" тэрээр хэлжээ.
Өөр нэгэн эмэгтэй "Өглөөд би цүнхээ мөнгөний хамт орхиод, тариалангийн талбайд ажиллахаар явдаг. Харин орой ирэхэд цүнхэнд маань талх, хариулт мөнгө маань байж л байдаг" гэж ярьсан байна.
Бүх оршин суугч бие биеэ таньдаг. Тиймээс хулгай хийхийн оронд нэгнээсээ зүгээр л мөнгө зээлэхэд болно гэж тосгоны тэргүүн Виктор Доскоцил хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ